Р.ФЕДЕРЕРИЙН ИХРҮҮД
Теннисний түүхэн дэх агуу тамирчдын нэг, “Их дуулга” тэмцээнд 20 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Швейцарын Р.Федерер ихэр хүү, ихэр охинтой. Энэ жил дөрвөн настай ихэр Лео, Ленни хүү нь аав шигээ теннисчин болохыг тэрбээр үгүйсгэдэггүй.
“Тэд минь дөнгөж дөрвөн настай ч сүүлийн хоёр жил гаруй теннис тоглохоор оролдож байна. Бөмбөг газарт ойлгож өгөхөд заримдаа тор давуулаад дажгүй сайн цохидог” хэмээн ярьжээ. “Охид ч бас сайн тоглодог. Тэднийг теннис сайн тоглоосой гэж би хүсдэг. Учир нь манай гэр бүлийн найзууд, хүүхдүүд нь бүгд теннис тоглодог. Гэтэл тэдэн дундаас миний хүүхдүүд л теннис тоглож чадахгүй бол ичгэвтэр хэрэг болно шүү дээ. Би хүүхдүүдээ спортоор хичээллээсэй гэж хүсдэг. Учир нь спорт бол агуу хүмүүжүүлэгч, эрүүл мэндэд ч хэрэгтэй” гэж өгүүлсэн байна.
Ихэр хөвгүүн болон ихэр охин Майла Роуз, Шарлин Рива нар аавын төдийгүй ээжийн генийг өвлөсөн нь гарцаагүй. Учир нь Р.Федерерийн эхнэр Мирка мэргэжлийн теннисчин байсан бөгөөд 2002 онд хөлний гэмтлийн улмаас зодог тайлсан юм.
К.МАКГРЕГОРЫН НЭГ НАСТАЙ ХҮҮ
“Би хүүгээ багаас нь дасгалжуулна. Хүү минь л миний дээд амжилтыг шинэчлэх цорын ганц тулаанч байх болно” хэмээн К.Макгрегор хүүгээ мэндлэхээс нь өмнө ярьж байв. Харин хүүгээ төрсний дараа зөөлөрч “Би түүнд тулааны урлаг зааж өгнө, гэхдээ заавал рингэнд гарч тулалдахыг шаардахгүй.
Хэрэв тулаанч болохыг хүсвэл сайн л байна. Хүсэхгүй бол энэ түүний л шийдвэр. Гэхдээ хүү минь ямар ч байсан зодолдож сурах ёстой” гэж өгүүлсэн билээ. Өнгөрсөн тавдугаар сард түүний хүү Конор Жэк нэг ой хүрсэн бөгөөд саяхнаас аав нь хүүгээ бэлтгэлийн зааланд дагуулж ирэх болжээ.
Ирланд тулаанч өнгөрсөн долоо хоногт SBG клубт хүүгийнхээ “бэлтгэл хийж” байгаа зургийг инстаграм хуудсандаа тавьж, “Сайн байна, бага Конор” гэж магтжээ.
ИХ БРИТАНИЙН БАГИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ЭЗЭН
Жэк Салливаныг “Вестхэм юнайтед”- ын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийг удирдах захирлаар тус багийн эзэн, тэрбумтан аав Дэвид Салливан 2017 онд томилжээ. Жэк дунд сургуулиа төгссөнөөс хойш анх удаа бүтэн цагийн ажил хийх болсон нь энэ юм.
Гэр бүлийнхээ 13 сая фунтын үнэтэй Эссексийн эдлэнд амьдардаг 19 настай Жэк хүү Их Британийн хамгийн баян хүмүүсийн нэг аав шигээ шартай, зорьсноосоо буцдаггүй удирдагч болохыг хүсэж буй.
Түүний үүрэг бол эмэгтэй хөлбөмбөгийн дээд лиг “Super league”-т тоглодог 18 тамирчин, арын албаныхан, хөгжөөн дэмжигчдэдээ санаа тавих юм. Гэр бүлийнхэн нь түүний ур чадварт бүрэн итгэдэг ч өөрт нь үл итгэгч зарим тамирчин болон нэг сая фунт эргэлддэг бизнесийн дарамтыг тэр давж гарах ёстой.
“Би Премьер лигт тоглодог “Вестхэм”- ийн эрэгтэйчүүдийн багийн тасалбар борлуулах, жижиглэн худалдаа, агуулах гээд олон албанд ажиллаж туршлага хуримтлуулсан. Тус багт нэг жил ажилласны дараа аавд “Надад зорилго, үүрэг хэрэгтэй байна” гэж хэлсэн.
Тэгээд л би эмэгтэйчүүдийн багийг удирдах болсон доо. Энэ ажилдаа би маш дуртай, ажлаа урам зориг дүүрэн хийдэг” гэж тэрбээр ВВС-д ярьжээ. Тус телевизийн гуравдугаар сувгийнхан Жэкийн тухай “Britain`s youngest football boss” цуврал бэлтгэж байгаа бөгөөд улирал дуустал цөөнгүй дугаараа үзэгчдэд хүргэх юм.
Сонирхогчийн хоёр лигийг алгасаж, өөрчлөгдөн шинэчлэгдсэн дээд лигт хүч үзэх болсон “Вестхэм”-ийн эмэгтэй баг түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн хамгийн дээд түвшинд тоглоно. Тиймээс тэднийг ихээхэн сорилт хүлээж буй нь тодорхой. Удирдах ажлын хүнд, хэцүүг Жэк аль хэдийн амсаж эхэлсэн байна.
Түүний баруун гар, багийн ерөнхий менежер Карин Рэй улирал эхлэхээс нэг долоо хоногийн өмнө буюу есдүгээр сард ажлаас гарах өргөдлөө өгчээ. Жэк энэ тухай “Карин ажлаасаа гарснаар бидэнд ирэх ачаалал улам нэмэгдлээ. Түүний хариуцдаг байсан өмсгөл, тасалбар гэх мэт олон асуудлыг би хийхээс өөр аргагүй болсон” гэж өгүүлжээ.
Жэкийн ах Дэвид Жуниор дүүгийнхээ талаар “Намайг гэртээ компьютер дээр хөлбөмбөг тоглож байхад Жэк үдшийн 22.00 цагт и-мэйл бичиж, авах гэж буй шинэ тоглогчийнхоо талаар миний саналыг асуудаг. Ийм дүүг үнэлэхээс өөр аргагүй шүү дээ.
Хэрэв тэр багаа сайн удирдаж чадвал хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм явдлын нэг болох нь тодорхой” гэж ВВС-д ярьжээ.
Н.Энхбаяр