Францын Страсбург хотын төвд гарсан Зул сарын худалдааны үеэр гэмт этгээд гал нээсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 13 хүн шархадсаны тавынх нь бие тааруу байна. Эмгэнэлт хэрэг гарсантай холбогдуулан тус хотын дарга Ролан Рис лхагва гаргийг гашуудлын өдрөөр зарласан тухай DNA цахим хуудсанд мэдээлжээ.
Мягмар гаргийн орой гэмт этгээдийг баривчлах ажиллагаа явуулсантай холбоотойгоор Страсбург хотын төвийн хэсгийг хааж, зоогийн газруудаар үйлчлүүлэгчдийн хөдөлгөөнийг түр саатуулжээ. Сэжигтнийг эрэн сурвалжлахад 600 орчим цагдаа оролцож байгаа тухай BFM телевиз мэдээлжээ. Харин тус хотын хойд дүүрэгт оршдог “Rhenus sport” цогцолбороос хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Германы цагдаагийнхан Францтай залгаа хилийн хяналтаа чангатгасан гэнэ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ, тухайлбал, Страсбургийг Кёльн хоттой холбодог трамвайн чиглэлийг зогсоожээ.
Страсбургт нээгдсэн Зул сарын худалдаа, театруудын тоглолтыг хотын даргын шийдвэрээр цуцалж, бага сургуулиудыг хаасан байна. Зул сарын худалдаа нь Европдоо хамгийн алдартайд тооцогддог. Жил бүр үүгээр хоёр сая орчим хүн үйлчлүүлдэг аж.
Халдлагыг Страсбургийн оршин суугч, 29 настай Шериф Шекка үйлджээ. Тэрбээр 2011 онд зэвсэгт халдлага үйлдэж, 16 настай хүүхэд шархдуулсан хэргээр хоёр жил хоригдох ял шийтгүүлснээс зургаан сарыг биеэр эдэлсэн гэнэ. Мягмар гаргийн өглөө түүнийг хүн амины хэргээр баривчлах ёстой байсан боловч цагдаагаас нуугдаж амжсан байна.
БРАЗИЛД Ч ХАЛДЛАГА БОЛЖЭЭ
Бразилын Сан-Пауло мужийн хоёр дахь том хот болох Кампинасын сүмд мягмар гарагт зэвсэглэсэн этгээд гал нээсний улмаас таван хүн үрэгдэж, гурав нь хүн шархаджээ. 49 настай гэмт этгээд цагдаагийнхныг хэргийн газарт ирэхээс өмнө амиа егүүтгэжээ. Тэрбээр сүм рүү оронгуутаа 20 орчим удаа гал нээсэн гэнэ.
Бразилд галт зэвсэг ашиглан үйлддэг гэмт хэрэг удаа дараа гардаг боловч энэ удаагийнх шиг олон хүний аминд хүрсэн нь цөөн бүртгэгджээ.