Сөрөг хүчний “Ардчилсан фронт” намын тэргүүн Небойша Медоевичийг баривчилж, өөр нэг удирдагч Милан Кнежевичийг баривчлахыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан Монтенегро Улсын нийслэл Подгорице хотод боллоо. Уг ажиллагааг баривчлагдаагүй үлдсэн тэргүүн нарын нэг Андрия Мандич удирдсан гэнэ.
Зохион байгуулагчид нь цугласан хүмүүст сүүлийн өдрүүдэд Францад болж буй эсэргүүцлийн бэлгэдэл болсон 1000 орчим шар хантаазыг тараасан байна. Тус улсын парламентын ордны өмнө болсон цуглаанд 4000 орчим хүн оролцжээ. “Монтенегрог бид өөрчлөх боломжтой. Зоригтой байж, эсэргүүцлийн томоохон ажиллагаанд уриалах ёстой” гэж А.Мандич мэдэгджээ. “Ардчилсан фронт” нь сөрөг хүчний 10 намаас бүрдсэн эвсэл юм.
Үүний сацуу орон даяар нь өрнөж буй эсэргүүцлийн ажиллагаатай холбоотойгоор Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Улаанбаатарын цагаар мягмар гарагт шилжих шөнө мэдэгдэл хийх гэнэ. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлснээр Э.Макрон цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны татварыг бууруулах хугацааг урагшлуулах зэрэг бага орлоготой иргэдийг дэмжих арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх аж.
Шинэ оноос шатахууны татвар нэмэхийг эсэргүүцсэн хүмүүс өнгөрсөн сараас жагсаж эхэлсэн нь эмх замбараагүй байдал болон даамжирсан билээ. Энэ байдлыг намжаахын тулд Э.Макроны Засгийн газар татвар нэмэх шийдвэрээсээ буцсан. Гэсэн ч өнгөрсөн бямба гарагт Франц даяар шар хантаазтануудын дөрөв дэх жагсаал болсон юм.
Тус улсын Эдийн засаг, сангийн сайд Брюно Ле Мэрийн мэдэгдсэнээр шар хантаазтануудын эсэргүүцлийн ажиллагаануудын улмаас үйлдвэр, худалдааны төвүүд ашгийнхаа 15-50 хувийг алджээ. Парист л гэхэд энэ сарын 1-ний байдлаар 3-4 сая еврогийн хохирол учирсан байна. Зам хаасны улмаас Авто тээврийн холбоо 400 сая еврогийн алдагдалд оржээ.
Өнгөрсөн бямба гаргийн эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийнхан 2000 орчим хүн саатуулсны олонх нь хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэхийг завдсан хэргээр шүүгдэх болсон байна.
Нөгөөтээгүүр, Францын дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэж Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мэдэгджээ. “Францад шар хантаазатнуудын жагсаал цуглаан болж буй шалтгаан нь 2015 оны Парисын хэлэлцээр юм” гэж Д.Трамп урьд нь твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
“АНУ-ын маргаанд бид хөндлөнгөөс оролцдоггүй учир өөрийнхөөрөө амьдрах боломжийг бидэнд олгоно уу. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээс Д.Трамп татгалзсаныг америкчуудын дийлэнх нь дэмжихгүй байгаа тул түүний мэдэгдлийг анхаарах шаардлагагүй” гэж Жан-Ид Ле Дриан LCI телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.