Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэхэд нэгдэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш олон улсын нийгэмлэгт уриаллаа. Польшийн Катовице хотод болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 24 дэх бага хурлын үеэр тэрбээр ийн мэдэгдээд, 2015 онд Парисын хэлэлцээрийг байгуулснаас хойших асуудлыг хэлэлцэхээр цугласан томоохон арга хэмжээний нэг нь энэ уулзалт болж байгааг тэмдэглэжээ.
Уг уулзалтад оролцогчдын дунд Австри, Нигер зэрэг 20 гаруй орны төр, засгийн тэргүүн нар багтаж байна. Ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл үргэлжлэх бага хуралд оролцогчид Парисын уур амьсгалын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулж магадгүй байгаа юм.
Хуралд оролцсон Нигерийн Ерөнхийлөгч Мохаммад Бухари уур амьсгал өөрчлөгдсөн асуудлаар улс орнууд хамтран ажиллахыг уриалжээ. Нухацтай арга хэмжээ авах талаар дэлхий нийтийг хамарсан кампанит ажил эрчээ алдахаас болгоомжилсон хөгжиж буй орнуудын байр суурь түүнийг ийм уриалга гаргахад хүргэжээ.
Харин Испани улс агаар мандал дахь хорт хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 2020 оноос хойш жил бүр 900 сая евро зарцуулна гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдэв. “Бид 2015 онд тавьсан зорилтуудаа биелүүлэхэд хол байгааг 2017 оны хорт хийн хэмжээ харуулж байна” гэж тэрбээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлын үеэр хэлжээ.
Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүчин чармайлтаа нэгтгэхийг Санчес улс орнуудад уриалсан байна. Дэлхийн цаг уурын анхны хэлэлцээр болох уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд 2015 оны арванхоёрдугаар сард 194 орон нэгдсэн билээ.
Уг баримт бичигт дэлхийн дулаарлыг тогтоон барихад чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлсон ч нефть, нүүрс, байгалийн хий, шатдаг занар зэргийг олборлох болон нүүрстөрөгчийн хийд хязгаар тогтоогоогүй юм. Гэсэн ч хорт хийг бууруулах, технологийн шинэчлэл хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг гэрээнд нэгдсэн бүх улс орон хэрэгжүүлэх ёстой.