АНУ-ын энэ удаагийн сонгууль сүүлийн арван жилд болоогүйгээрээ өрсөлдөөнтэй сонирхолтой болж өнгөрлөө. Ардчилагчид Төлөөллийн танхимд олонх болж, сенат бүгд найрамдахчуудын мэдэлд хэвээр үлдэв.
Энэ удаагийн завсрын сонгуульд эмэгтэйчүүд олноор нэр дэвшиж багагүй хэсэг нь ялалт байгуулж бас нэг онцлох явдал боллоо. Конгрессын төлөөллийн танхимд түүхэндээ анх удаа мусальман болон индиан эмэгтэй гишүүд орж ирлээ.
Нью-Йорк мужид ялалт байгуулсан латин америк гаралтай Александрия Окасио-Кортес хэмээх 29 настай бүсгүй хамгийн залуу эмэгтэй конгрессмен болов. Энэ удаагийн сонгуулийн бас нэг дуулиан бол Жаред Полис гэдэг бэлгийн цөөнх гомо эр "гебрнатор" болсон явдал байлаа.
Сонгуулийн үеэр ардчилагчид далайн давалгаа мэт хүч түрэн гарч ирэн ялалт байгуулах магадлалыг ихээр төрүүлсэн билээ. Үргэлжид бүгд найрамдахчуудыг сонгодог байсан олон бүс нутаг, мужууд ардчилагчдын төлөө саналаа өгсөн явдал ийм төлөв гаргахад хүргэсэн аж. Гэвч давалгаа цунами болсонгүй.
Ардчилагчид Конгрессын доод танхим буюу төлөөллийн танхимд ялалт байгуулсан ч дээд танхим болох сенатад хүч хүрсэнгүй. Гэхдээ ардчилагчид одоо Ерөнхийлөгч Трампын санаачилсан хуулийг батлахгүй байх эрхтэй. Одоо тэд ерөнхийлөгчийн эсрэг мөрдөн шалгахыг санаачлан түүнээс сүүлийн 40 жил татвараа гүйцэт төлөөгүйн талаар тайлагнахыг шаардаж, бүр огцруулах ажлыг эхлүүлэх эрхийг олж авлаа.
Гэсэн хэдий ч Дональд Трамп ялагдал хүлээсэн огт шинжгүй сэргэлэн цовоо байдалтай байгаа бололтой. “Маш олон хүнээс Их ялалт байгуулсанд баяр хүргэсэн мэндчилгээ авлаа. Тэдний дунд намайг дэмжиж худалдааны гэрээ байгуулахыг найдсан гадаадын улс орон ч байлаа. Одоо бүгдээрээ ажилдаа эргээд орцгооё” гэж тэрбээр “Твиттер” хуудсандаа бичжээ.