Энэ жил баавгайн бамбарууш суурин газраар аялах боллоо. Бамбаруушны зочлоод байгаа газруудыг дурдвал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороон дахь айлын хашаанд, Дархан-Уул аймгийн Хонгор сумын захад, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэрлэнгийн хөдөө аралд орж ирээд байсныг амьтан хамгаалагчид байгальд нь буцаасан. Тэгвэл Дорнод аймгийн Баян-Уул суманд өнгөрсөн сард зочлоод байгаа баавгайн бамбаруушийг буцаалгүй өвөлжүүлэхээр болжээ. Нутгийн иргэн түүнд мах өгөхөд амташсан бамбарууш ахин ирсэн байгаа юм. Тус аймгийн Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн түүнийг хэтэрхий нялх, цас их орсон тул байгальдаа амьдарч чадахгүй гэж үзээд Баян-Уул сумын III багийн малчин Баттөмөрхайн өвөлжөөнд байлгахаар шийдсэн гэнэ.
Бамбарууш яагаад суурин газрыг бараадах болсныг Нийслэлийн Байгаль орчны газрын амьтан ургамал асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодруулахад "Энэ жил самар, жимсний гарц муу байгаа. Байгаа жаахныг хүмүүс урьтаад авчихдаг. Эхээсээ төөрсөн бамбарууш хоол ундгүйн эрхэнд суурин газрыг зориод байгаа болов уу гэж таамаглаж байна" гэв.
Харин одоо бамбаруушийг мах, лууван, сүүгээр хооллож буй. Түүнчлэн зөгийн балд их дуртай учир иргэдээс түүнийг хооллоход тусламж хүсч буйгаа Баттөмөрхай гуай илэрхийлжээ.