Байгалийн жамаар өтөлж, насны туйлд хүрсэн цөөн амьтныг төлбөр авч, агнуулахыг тусгай зориулалтын буюу спорт агнуур хэмээн тодотгодог. Эл төрөл Монголд хөгжөөд 45 жил болсныг агнуурзүйчид хэллээ. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд хэтэрхий замбараагүй болсон нь агнуурын ач холбогдол бүхий амьтад, ялангуяа аргалийн үржил, өсөлтөд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Тодруулбал, спорт агнуур нэрээр нас бие гүйцээгүй амьтдыг устгах, Засгийн газраас заасан тооноос хэтрүүлэх зэрэг зөрчил цөөнгүй гарах болжээ. Үүнд хяналт тавих нэгдсэн тогтолцоо сул байгаа нь амьтдаар бизнес хийх зөрчлийг гааруулж буй юм билээ. Нөхцөл байдал ямар хэмжээнд хүрснийг жишээгээр дурдъя.
Тусгай зориулалтаар амьтан агнах, барих тухай А/370 тоот тушаалыг БОАЖ-ын сайд өнгөрсөн онд гаргажээ. Ингэхдээ Баян-Өлгий аймгийн Алтай суманд хоёр, Бугатад нэг угалз агнуулахыг зөвшөөрсөн байна. Зөвшөөрөл олгосон нь гол асуудал биш. Харин дээр дурдсан газрууд агнуурын нөөцгүй атал “Агна” гэж тушаал гаргасан явдал. Алтай сумын нутагт тавхан залуу угалз л бий гэнэ. Хөгшин угалз байхгүй учир тэнд очсон хоёр анчин хоосон буцжээ. Үүний дараа дахиад хоёр анчин ирсэн байна. Тэднийг хоосон буцаахгүйн тулд сүүлийн жилүүдэд цөөн тооны угалз нутагших болсон, Даян нуурын ойролцоогоос бага насны аргалийг хулгайгаар намнуулсан хэрэг гарсан гэдгийг агнуурзүйч Б.Галбадрах хэллээ.
Тухайн агнуурын бүс нутаг дахь популяцын нөөц, нөхөн үржлийн чадавхыг харгалзаж уг нь тусгай зөвшөөрөл олгодог. Гэтэл яамнаас ан агнах боломжгүй газарт зөвшөөрөл өгснөөс анчид хоосон буцах тохиолдол цөөнгүй аж. Энэ нь аймгийн БОАЖГ болон агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагчдын балаг гэнэ. Тодруулбал, хэр олон амьтан агнах боломжтой гэсэн бичиг баримт буюу менежментийн төлөвлөгөөг агнуурын бүс нутгийг хариуцагч нь гарган, аймгийн БОАЖГ-т өгдөг.
Аймгийн БОАЖГ нь салбарын яам руу хүсэлт явуулдаг. Яам орон нутгийн саналыг үндэслэн зөвшөөрөл олгодог юм байна. Аймгуудын БОАЖГ нь менежментийн төлөвлөгөөнд дурдсанаас олон амьтан агнах саналыг яам руу явуулдаг тогтсон “жишиг” байдаг гэнэ. Үүнийгээ “Тэртэй, тэргүй орон нутгийн саналаас хасдаг тул ахиухан тоо тавьж байж, квот олж авдаг” гэж тайлбарладаг. Гэтэл яам бууруулалгүй, ирүүлсэн саналынх нь дагуу баталснаар хууль зөрчсөн шийдвэр гардаг гэж мэргэжилтнүүд хэллээ.
Тусгай зориулалтаар агнуулахаар хуваарилсан угалзын болон агнуурын бүс нутгийн тоог сүүлийн таван жилийн байдлаар харьцуулан хүргэе.
Говь-Алтай аймгийн Тонхил суманд агнуурын ач холбогдол бүхий угалз огт байхгүй атал хоёр жил дараалан тус бүр хоёр угалз агнуулахыг тушаажээ. Байхгүй угалзыг агнаж болохгүй учраас нь тушаалыг “хэрэгжүүлэх”-ийн тулд орон нутгийнхан зэргэлдээ орших Мянган угалзатын нуруу, Их говийн дархан цаазат газраас хулгайн ан хийлгэх арга хэрэглэдэг гэнэ. Гэтэл 1000 угалзтай болсны баяраа ирэх жил тэмдэглэх гэж байгаа зэргэлдээх Цэцэг суманд нэг л угалз агнуулах тушаал гаргасан байх жишээтэй.
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум дахь Улаанговийн агнуурын бүс нутаг жилд нэг угалз агнах нөөцтэй хэмээн хөндлөнгийн үнэлгээний компаниудын гаргасан дүгнэлт бий аж. Гэтэл үүнийг үл ойшоож, гурвыг агнах зөвшөөрөл олгожээ. 2016 онд гаргасан сайдын тушаалд ч мөн нөөцийн хэмжээг хэтрүүлж, хоёрыг агнахыг зөвшөөрсөн байна. Тэгсэн хэрнээ 1000 гаруй аргальтай Буянт сумаас болохоор нэг, Улаанхусад агнуурын зөвшөөрөл огт хуваарилаагүй нь ямар ч судалгаагүй, эмх замбараагүйгээр эл асуудалд ханддагийн илэрхийлэл болох биз ээ.
“Нөөц тогтоох мэргэжлийн байгууллагууд тухайн амьтны тархац нутгийг бүрэн хамруулан судалж чаддаггүй нь үнэлгээ буруу гарахад нөлөөлдөг. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага агнуурын нөөцгүй газарт хуваарь өгөх, үүнээс улбаалан тусгай зөвшөөрөл авсан ангийн компаниуд өөр газраас ан хийж хууль зөрчих, маргаан дэгдэх үндэс болдог” гэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөл дурдсан юм.
Баян-Өлгий аймаг дахь Улаагчины агнуурын бүс нутаг тус аймгийн Булган, Дэлүүн сумын нутаг дэвсгэрийг хамардаг. Тэнд нийт 480 орчим аргаль байгааг тогтоожээ. Гэтэл уг агнуурын бүс нутгийг хоёр хувааж, тус бүрт нь 480 аргаль бий хэмээгээд, түүндээ үндэслэн агнуур зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулан, жил бүр 2-4 угалз агнуулах болсон аж. Энэ нь тус бүс нутгийн аргалийн нөөцөд ноцтой аюул учруулж байгааг мэргэжилтнүүд хэлсэн. Ийм зохисгүй байдал Баян-Өлгий аймгийн Буянт, Алтай сумыг дамнан оршдог Халуун бардамын агнуурын бүс нутагт ч үүссэн байна.
Хэд хэдэн сум дамнасан агнуурын бүс нутгийн нөөц энэ мэтээр байнга маргаан дагуулдаг. Нийт тогтоосон нөөцийг сум бүхэн “манайх” хэмээн өмчилж, менежментийн төлөвлөгөө гаргах тохиолдол цөөнгүй аж. Энэ нь алдаатай тушаал гарах, нөөцгүй газар тусгай зөвшөөрөл олгох бас нэг шалтгаан гэнэ. Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын ИТХ, Засаг дарга нар менежмент хариуцагчийн гэрээг давхардуулан байгуулсан, хилийн цэсийг нь давхардуулж тогтоосон, нэгэнт нээсэн бүс нутгийг хуваасан зэрэг маргаан дагуулсан шийдвэр цөөнгүй гаргаж байжээ.
Агнуурын нөөцгүй газарт зөвшөөрөл олгож, дараа нь тушаал гаргаж зөвшөөрлөө өөр тийш шилжүүлэх, эсвэл агнасныг агнаагүй мэтээр тооцох зэрэг зохисгүй үйлдэл олон байдгийг Б.Галбадрах хэллээ. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл өгсөн газарт нь агнах амьтан байхгүй бол өөр газарт ан хийх хүсэлтээ аж ахуйн нэгжүүд яаманд гаргаж болдог. Яам хүсэлтийг нь голдуу нааштай шийдвэрлэдэг байна. Гэтэл энэ нь Амьтны тухай хууль зөрчсөн үйлдэл гэнэ. Уг нь хуулийн дагуу агнуурын нөөцгүй болсон бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой атал өөр газарт идээшиж байгаа амьтныг өмнөөс нь “цаазлуулдаг” гэсэн үг.
Энэ мэт буруу үйл ажиллагаагаа таслан зогсоохыг эрдэмтэн судлаачид, холбогдох төрийн бус байгууллагынхан БОАЖЯ-нд удаа дараа шаардлага тавьсан ч хүлээж аваагүй юм билээ. Эдгээр асуудал юунаас үүссэнийг мэргэжлийн байгууллагынхан, эрдэмтэд, хувийн хэвшлийнхэн хамтран судалжээ. Тэд “Мэргэжлийн байгууллагын эрх олгож буй яамны нэгжид агнуурын мэргэжлийн хүмүүс байдаггүйгээс “мэргэжлийн бус” шийдвэр гаргаж байна. Иймд агнуурын мэргэжлийн зөвлөлийг яамны дэргэд байгуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан аж.
Тусгай нэртэй ч тусгүй агнуурын бас нэг дутагдал нь амьтан агнах хугацааг буруу тогтоосон явдал гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ мэдээллээ. Дэлхий нийтээр есдүгээр сарын дундаас эхэлж буга агнадаг атал манайд зургадугаар сарын 30-наас буюу цусан эвэр нь төлжих үеэс агнуулахаар заасан байдаг аж. Мөн угалз, тэхийг өмнөх жилийн үс ноосоо хаяагүй, тарга тэвээрэг аваагүй байхад агнуулахаар заасан нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэнэ.
Манайхтай ижил төстэй уур амьсгалтай АНУ, Канад, Казахстан, Тажикистан, Киргиз зэрэг оронд аргаль, янгирыг 7-12 сард, зарим газарт 1-2 дугаар сард агнаж байхад манайх долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын сүүлч хүртэл агнахыг зөвшөөрчээ. Тиймээс ан агнах хугацааг дэлхийн жишиг, монголчуудын олон жилийн туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй уялдуулан өөрчлөх шаардлагатай аж. Түүгээр ч барахгүй үйлдвэрлэлийн, ахуйн, тусгай гэж зориулалт тус бүрээр ангилан, хугацааг өөрчлөн тогтоох хэрэгтэйг тэрбээр онцолсон.
Улсын төсвийг байгалийн нөөцөөр бүрдүүлэх зорилгоор тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих ан амьтны тоо толгой болон төлбөр хураамжийг Засгийн газраас тогтоодог. Угалзын төлбөр агнуурын ач холбогдолтой бусад амьтныхаас харьцангуй өндөр буюу 24 000 ам.доллар. Уг нь ангийн төлбөрийн 50 хувийг тухайн амьтныг хамгаалахад зарцуулах хуультай. Гэтэл энэ заалт хэрэгжих нь битгий хэл нөөцийг нь ч бүрэн тогтоож, сайдын тушаалын хэрэгжилтэд сайн хяналт тавьж чадахгүй зуун задгай байдал үүсээд байна.
Бэлтгэсэн: М.Оч