ЦЕГ-ынхан хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөж, хохирохоос сэргийлэх зорилгоор цахим орчинд “Хар жагсаалт” хэмээх хуудас ажиллуулж эхэллээ. Фэйсбүүк дэх эл хуудас өдгөө 15 600 гишүүнтэй болжээ. Тэд биеэ үнэлэх, амиа хорлох зэргийг сурталчилдаг группуудыг илрүүлж, фэйсбүүкэд мэдээлэх (report хийх) юм байна. Одоогоор 33 856 гишүүнтэй “Санхүү өгнө, авна”, 14 190 гишүүнтэй “Санхүүгийн туслалцаа”, 4408 элсэгчтэй “Санхүү өгнө” гэх хуудсуудыг хаалгаад буй аж.
Цахим орчинд бусадтай харилцаж буй өсвөр насны долоон хүүхэд тутмын нэг нь садар, самуунд уруу татсан мессеж хүлээж авдаг гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлэв. Фэйсбүүк дэх элдэв гаж үйлдэл (биеэ зүсэх, амиа хорлох оролдлого) хийхийг “зөвлөдөг” хуудаст ихэвчлэн өсвөр насныхан нэгддэг, энэ нь тэднийг гэмт хэрэг өдүүлэхэд хүргэдэг аж. Түүнчлэн биеэ үнэлэхийг далдуур сурталчилдаг санхүүгийн туслалцаа үзүүлнэ гэх хуудсуудын хэрэглэгч нь өсвөр наснхыхан гэнэ. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, дээрхтэй ижил хуудсуудыг мэдээлэхийг уриаллаа.
Бэлтгэсэн: Г.Сарнай