Дархан-Уул аймгийн Дархан сумын III багийн иргэн Н.Батнайрамдалын таван настай охин Э-г нэг эмэгтэй өнгөрсөн сарын 19-нд хулгайлан Улаанбаатарт авчирсан байсныг ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийнхэн шуурхай илрүүлэн холбогдогчийг саатуулаад буй билээ.
Охиныг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат П.Батсуурь гэх эмэгтэй хулгайлан Баянзүрх дүүргийн нутагт явж байгаад цагдаагийнханд баригдсан юм. Шалгалтын явцад Б.Э-г гадаа тоглож байхад нь наймдугаар сарын 19-ний 16.00-17.00 цагийн үед “Эгч нь зайрмаг авч өгье” хэмээн хуурч, Дархан-Улаанбаатар чиглэлийн автобусаар нийслэлд авчирсныг тогтоосон.
Өдгөө П.Батсуурийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг хүүхэд гэдгийг нь мэдсээр байж хууран мэхэлж хулгайлсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж байгаа аж. Зарим эх сурвалж “Яллагдагчийн сэтгэцийг мэргэжлийн байгууллагууд шинжлээд өөрчлөлттэй гэж тогтоосон. Хэргийн холбогдогч эмэгтэй “Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ авчирсан” хэмээн мэдүүлсэн” гэв.
2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй Эрүүгийн хуульд зааснаар хүн хулгайлах гэмт хэргийг ЭЦА-нд мөрдөж, НПГ-т хяналт тавихаар хуульчилсан бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас энэ хэргийн харьяаллыг шийдвэрлүүлэхээр Улсын ерөнхий прокурорын газарт хандаад байгаа аж.
Г.Равжаа