Зэвсэгт хүчин зарим ангийн санхүүч нар ахлагч, энгийн ажилчдынхаа цалингаас завшиж, шамшигдуулан өөрсдийнхөө дансаар авч байсан үйлдэлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй. Тэгвэл санхүүгийнхний энэ үйлдэл ёстой л нөгөө “жижиг жараахай” гээч нь бололтой. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын эрх бүхий албан тушаалтнууд харьяаныхаа анги, салбарын өмч хөрөнгийг шамшигдуулж, мөнгийг нь үргүйдүүлсэн байж болзшгүй үйлдлийг Тагнуулын байгууллагын мөрдөгч нар тогтоосон гэнэ. Түүгээр ч үл барам Агаарын цэргийн удирдлага хууль зөрчиж, хөрөнгө завшсан холбогдох албан тушаалтандаа хариуцлага тооц мэдэгдэл өгсөн аж.
НИСДЭГ ТЭРЭГНИЙ СҮЙРЛИЙН БУРУУТНУУД ГЭРЧ, ХОХИРОГЧ БОЛСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8Т загварын нисдэг тэрэг гурван жилийн өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 23-ны 22.30 цагийн үед осолдож, бортмеханикч нь газар дээрээ нас барсан билээ. Энэ хэргийн буруутныг одоо болтол тогтоогоогүй, хэн нэгэн хариуцлага хүлээсэнгүй. Харин хүнээ алдсан ар гэрийнхэн нь одоо болтол гомдолтой байсаар. Түүгээр ч зогсохгүй энэ ослыг нууцад хамааруулсан гэх.
Мэргэжлийн хүмүүс “Байлдааных биш, сургалтын нислэгийг нууц гэж үзсэн нь хачирхалтай. Жолооны сургалтад явж байгаа сонсогч дадлага хийж байгаатай адил нислэг байсан шүү дээ” хэмээн ихэд гайхширч буй. Энэ талаар хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд “Хэргийг нууцын зэрэглэлд хамааруулсан учраас мэдээлэл өгөх боломжгүй. Налайх-Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хохирогчид гомдолтой байсан учраас дахин шалгаж байгаа. Хэрэгт НПГ-аас хяналт тавьж буй учраас тэндээс мэдээлээл авсан нь зөв. Нэлээд олон даалгавар шүүхээс өгсөн” гэсэн юм.
Мөрдөн байцаалтын явцад хэд хэдэн ноцтой баримт тогтоогдсон юм байна. Тухайлбал, тэр нисдэг тэргээр шөнийн дадлагын нислэг үйлдэхдээ Агаарын цэргийн командлагчид мэдэгдэлгүй, штабын дарга нь зөвшөөрөл өгсөн гэх мэдээлэл байна. Мөн уг хөлгийг засварт орох гэж байсан гэдэг нь худлаа. Гурван сар дутуу байсан. Уг хэрэгт анх 337 дугаар ангийн захирагчийн орлогч Н.Баясгаланг шалгаж байсан ч өдгөө тэрбээр гэрч болсон.
Мөн онгоцонд явсан ангийн захирагч Н.Очирбат хөл нь гэмтсэн учраас хохирогчоор тогтоогдсон. Уг нь тухайн дадлагын нислэгийг 2015 оны арванхоёрдугаар сарын 21-22-нд явуулах зөвшөөрөл авсан ч агаар муудаж, нисэх боломжгүй болсон учраас нэг өдрөөр хойшлуулсан аж. Нислэг хойшилсон тохиолдолд ЗХЖШ-ын даргад мэдэгдэж, дахиж зөвшөөрөл авах журамтай ч штабын дарга нь үүнийг зөрчин амаараар зөвшөөрөл олгосон, улмаар осол гармагц уг тушаалыг нөхөж хийсэн байж болзошгүй гэх зэргээр нисэхийн хууль дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүд ч тодорхой болсон гэнэ.
Хүний амь үрэгдсэн энэ ослын хариуцлагыг хүлээх хүн гарсангүй. Агаарын цэргийн штабын дарга Б.Батбаяр бригадын генерал, Зэвсэгт хүчний 337 ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Н.Очирбатыг Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн ерөнхий инженер, тэр оройн нислэгт хяналт тавих үүрэгтэй явсан ерөнхий инженер Ц.Бат-Орших Улсын нисэхийн хэлтсийн дарга, дээрх ангийн нислэг эрхэлсэн орлогч, дэд хурандаа Н.Баясгалан хугацаанаас өмнө хурандаа цол хүртэх гэх зэргээр шагнуулсан байгаа юм.
Харин Улсын нисэхийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, цэргийн тэтгэвэрт гарах нас нь болсон ч өнөөг хүртэл Зэвсэгт хүчиндээ байгаа, хурандаа Б.Дашаахүүг албан тушаалыг нь өөрчилж, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн багш-нисгэгчээр томилсон аж. Энэ бүхэнд талийгаач бортмеханикчийн ар гэрийнхэн гомдолтой байдаг юм билээ.
НӨӨЦ АЭРОДРОМЫН БАЙГУУЛАМЖААС ХУВИЙН КОМПАНИД ЗАРСНЫГ ТОГТООВ
Агаарын цэргийн командлал болон алба хаагч нийлж онгоцны шатахуунаа зардаг гэх зэргээр шивэр авир гэлцдэг ч төдийлөн ил гаргаж чаддаггүй, хууль хяналтын байгууллагад ханддаггүй нь хачирхалтай. Тэгвэл удирдлага нь “амташсан хэрээ 13 дахина” гэгчээр Зэвсэгт хүчний өмч хөрөнгөөс хумсалсныг тагнуулынхан тогтоожээ.
Агаарын цэргийн сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу команд штабын болон тусгай тактикийн хээрийн сургуулийг Зэвсэгт хүчний 337, 303 дугаар ангийнхан 2017 оны тавдугаар сарын 28-31-нд хотоос холгүйхэн орших нөөц аэродром дээрээ зохион байгуулсан аж. Энэ сургуулийг Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр удирдсан байгаа юм. Энэ үедээ хээрийн сургуулийн нөөц аэродромын байгууламж хооронд татсан 650 метр сантекникийн шугам сүлжээ, түүнийг тавихад ашигласан лотки хавтан, таг зэргийг зарах үүрэг өгчээ.
Улсын онцгой бүс дэх цэргийн нөөц аэродромоос ирээдүйд ашиглаж болох боломжтой материалыг хууль бусаар борлуулсан үйлдлийг ТЕГ-ын холбогдох албаныхан шалгажээ. Улмаар лотки хавтан 325, 650 таг, төмөр хоолой 1300 м-ийг борлуулж, зах зээлд борлуулж буй барилгын хуучин материалын ханшаар тооцоход 106 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэсэн тооцоо гаргасан аж. Тэдгээр хавтан, таг, төмөр хоолойг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэгэн барилгын компанийнхан худалдан авч, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд айлын хашаанд байгааг тагнуулчид тогтоосон байх юм.
Мөн штабынхаа байрыг засах нэрээр анги, салбарын алба хаагчдын цалингаас мөнгө татах, аж ахуйтай болно хэмээн мал авах зэргээр хэдэн офицер, ахлагч, энгийн ажилчдын цалингаас суутгасан баримт ч хууль сахиулах байгууллагынхны анхаарлын гадуур үлдээгүй юм билээ. Алба хаагчдаасаа нийт 28.3 сая орчим төгрөг хураасан ч Агаарын цэргийн командлалын штабын байранд долоон сая гаруй төгрөгийн засвар хийсэн гэх зарлагын баримт ил болсон гэх. Бусад нь хаачсан бэ гэдгийг нарийвчлан тодруулах шаардлага хууль хяналтынханд тулгарсан ч таг чиг болсон сурагтай.
АСЕМ-ЫН ХӨРӨНГӨӨР ЗАССАН АЭРОДРОМЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ОРОСЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ДҮГНЭСЭН
Ази, Европын дээд түвшний уулзалт буюу АСЕМ-ыг 2016 онд манай улс амжилттай зохион байгуулсан. Энэ уулзалтын бэлтгэл хангах ажлын хүрээнд тухайн үеийн Зам, тээврийн сайд М.Зоригтын шийдвэрээр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ашиглаж буй нисэх буудлыг “Иргэний болон тусгай зориулалтын нисэх буудал” төслийн хүрээнд шинэчилж, засахаар болж, 19.7 тэрбум төгрөг олгосон гэдэг. Үүний хүрээнд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд хоёр жилийн өмнөөс зорчигч угтан авах, үдэн гаргах зориулалттай барилга барьж
ЗТЯ, ИНЕГ, МХЕГ-аас нарийн мэргэжлийн хүмүүс очиж, уг нисэх буудлын үйл ажиллагаатай танилцан, дүгнэлт гаргасан байдаг. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд тухайн үеийн МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж албан шаардлага бичиж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Агаарын цэргийн командлагч О.Энхбаяр зэрэг хүмүүст хүргүүлсэн байдаг. Түүнээс өмнө ЗТЯ, ИНЕГ-аас 19 заалт бүхий албан шаардлага БХЯ, ЗХЖШ болон Агаарын цэргийн командлалд хүргүүлж байсан түүхтэй.
Тэдгээр шаардлагад нислэг удирдах цамхгийг барих үед шатны гишгүүрийн өндрийн хэмжээ алдагдсан, гадна хана, хаяавчийн хооронд зай завсар гарсан, овойж, хотойсон, цонхыг технологийн дагуу суулгаж, угсраагүй, аэровокзалын гол хаалга гажсан гэх мэт олон зөрчил илэрсэн аж. Нисэх буудлын хамгийн гол хэсэг бол онгоцны хөөрч, буух зурвас байдаг. 1970 оноос хойш ашиглаж байгаа 337 дугаар ангийн хөөрч, буух хатуу хучилттай зурвасыг 1994 оноос хойш ашиглаагүй бөгөөд 2011 онд нисдэг тэргүүддээ зориулан, хэсэгчилсэн засвар хийсэн юм билээ.
Он удаан жил ашиглаагүй хөөрч, буух зурвасын бетон хавтан байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан элэгдэх, зарим газраа хэт доошоо суух, хооронд нь зай гарах зэргээр шаардлага хангахгүй байсан тул тухайн үед зайлшгүй засах ёстой болж, багагүй хөрөнгө зарцуулжээ. Гэвч энэ ажил нь ИНЕГ-аас 2010 онд баталсан “Аэродромд тавигдах шаардлага”, “Автозам, замын байгууламжийн засвар арчлалтын арга технологи” (БНбД 13-03-00)-ийн холбогдох заалтуудыг зөрчсөн байж.
Тэгвэл саяхан буюу өнгөрсөн зургадугаар сард энэ нисэх буудлын хөөрөх, буух зурвасыг Зэвсэг техникийн хамтын ажиллагаатай ОХУ зэрэг орноос мэргэжилтнүүд ирж шалгажээ. Албан бус мэдээллээр манайхан шинэ онгоц авах гэж буйтай холбоотойгоор нислэгийн зурвасыг нь хянасан юм байх. Ийн шалгахад байдал өмнөх жилүүдээс эрс дордож, хавтангууд нь хөндийрсөн, доор нь хярс үүрлэсэн зэрэг маш аюултай нөхцөл үүссэн байсан гэнэ. Үүнээс болж шинэ хөлөг авах ажил хойшлогдож болзошгүй гэх мэдээлэл ч байна.
КАЗАХСТАНЫ ИРГЭН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХАШИЖ БАЙСАН ГЭНЭ
Агаарын цэргийн ангийн эрх бүхий албан тушаалтнууд онгоцныхоо ТС-1 маркийн шатахууныг зарж мөнгө олдог гэсэн хэл аманд байнга холбогддог. Налайхын Цагдаагийн хэлтсийнхэн нэг бус үйлдлийг нь илрүүлэн шалгасан ч танил тал, ар өврийн хаалгаар дараад өнгөрсөн баримт цөөнгүй бий. Түүгээр ч үл барам, тухайн үед хэрэгжиж байсан Улсын нисэхийн тухай хууль зөрчин арилжааны нислэг үйлдэж, улсын хилийн онцгой бүсэд гадаадынхантай зугаалсан тохиолдол ч нэг бус удаа гаргаж.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эрх бүхий албан тушаалтнууд 2017 оны аравдугаар сарын 20-22, арваннэгдүгээр сарын 3-нд хоёр ч удаа нисэх буудлынхаа орчимд нисэх зөвшөөрөл авчихаад улсын хилийн онцгой бүс Минжийн застав, Цахар Минж чиглэлд төлбөртэй нислэг хийжээ. Ингэснээр 30 сая төгрөгийн ашиг олсон аж. “Энэ мөнгө нь БХЯ, ЗХЖШ-ын дансанд ордог бол ч хамаа алга гэх сэн. Минжийн застав руу хүргүүлсэн зорчигчдын дунд гадаадын хоёр иргэн гээд олон хүн явсан” гэж эх сурвалжууд хэлж байна.
Энэ үед нь буюу 2017 оны аравдугаар сарын 21-нд Отгонтэнгэр хайрханд авирсан 19 уулчин осолдож, ОБЕГ-ынхан хоёр нисдэг тэрэг захиалсан байдаг. Энэ үед цэргийн нисэхийн эрх бүхий албан тушаалтнууд “Нисдэг тэрэг засвартай байгаа” гэж байсан гэдэг. Тухайн үед нэг нь нисэж, дараагийн өдөр нь Минжээс ирмэгцээ шууд аврах ажиллагаанд явсныг ИНЕГ-ынхан ч баталдаг. Улсын хилийн онцгой бүсэд хувийн компанийн захиалгаар гадаадынхныг нууцаар зугаалуулсан явдал ч тэгсхийгээд өнгөрдөг юм байж.
Үүнээс гадна агаарын цэргийн командлалын эрх бүхий, хариуцлагатай албан тушаалд Монгол Улсын бус иргэн, цэргийн тэтгэвэрт гарсан Рахман гэх хүн ажиллаж байсныг тагнуулынхан илрүүлсэн байгаа юм. Тэрбээр хэдэн жилийн өмнө Монгол Улсын харьяатаас гарч, Казахстаны иргэн болсон нэгэн гэнэ. Улмаар Монголд буцаж ирээд байхад нь Агаарын цэргийн удирдах албан тушаалтнууд ажилд томилж, хошууч, дэд хурандаа гээд богино хугацаанд цол олгож дэвшүүлсэн байжээ. Зөвхөн Рахманаар тогтохгүй, цэргийн тэтгэвэрт гарсан хэд хэдэн хүнийг штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр ажилд авч, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан цэргийн цол олгох журмыг зөрчин ойр, ойрхон цол олгосон гэх.
Харин тагнуулынхны шалгалтын дараа Рахманыг Зэвсэгт хүчнээс чөлөөлсөн бол бусад нь өнөө болтол ажилласаар байгаа гэдэг мэдээлэл бий. Энэ мэтээр Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалд хууль зөрчсөн үйлдэл болоод байгааг тагнуулынхан илрүүлж, хариуцлага тооцохыг шаардсан ч улсын нүд чих болсон ТЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудын шаардлагыг биелүүлсэнгүй.
Бэлтгэсэн: Д.Дайчин