Дархан-Уул аймагт энэ сарын 19-ний 16.00 цагийн үед таван настай Э гэх охин алга болж, тус аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид болон ар гэрийнхэн нь нийлсэн 100 гаруй хүн эрэн хайж байв. Тэгвэл охиныг уржигдар орой Улаанбаатар хотоос ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид олсон юм. Түүнийг Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай Б гэх эмэгтэй хулгайлан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Ботаник, Амгалан орчимд дагуулан явахад нь цагдаагийн алба хаагчид баривчилжээ.
Хууран мэхэлж, хүүхэд хулгайлсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг өдүүлсэн Б-г цагдан хорьсон гэнэ. Охиныг Хараа голд живсэн байж болзошгүй хэмээн хайж байсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, дэслэгч Н.Төгсбаяр “Охин сүүлд Хараа голын гүүр орчимд харагдсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.
Тиймээс гүүрнээс дээш 200 метр газарт хайлаа. Ашгүй эсэн мэнд олджээ” гэв. Өөр нэгэн эх сурвалж “Өчигдөр Хараа голын орчимд нэгэн эмэгтэй “3-4 настай хүүхэд алга болчихлоо” гээд хайж явсан. Айлд орох зуур нь алга болчихсон гэнэ. Азаар тэнд явж байсан малчид хүүхдийг олжээ. Эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа, хяналтаа сайжруулах хэрэгтэй байна” гэлээ. Бид охины аав Н.Батнайрамдалтай холбогдсон юм.
-Хоёр хоног хайсны эцэст охиноо оллоо. Гэмтэж бэртээгүй биз дээ?
-Охин минь азаар эсэн мэнд, эрүүл саруул байна. Ил харагдах ямар нэг шарх, гэмтэл алга. Манай аймгийн болон хотын цагдаа нар хоёр хоног эрэн сурвалжилсны эцэст Улаанбаатараас оллоо. Охиноо алга болсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
-Охиноо алга болоход та ажилтай байсан уу. Гэрийнхээ гадаа тоглож байсан гэв үү?
-Би төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг. Охин хашааныхаа гадаа ах нартайгаа тоглож байсан юм билээ. Тэр эмэгтэй “Зайрмаг авч өгнө” гээд дагуулж явсныг охин минь хэлсэн. Тэгээд шууд Улаанбаатар руу аваад явчихаж. Өмсөж явсан хувцсыг бүгдийг нь сольсон байна лээ.
-Хотод хаана хоносон байна. Айсан гэнэ үү?
-Байшинтай айлд хоёр хоносон гэж өөрөө хэлсэн. Авч явсан эмэгтэй охиныг минь загнаж уйлуулсан гэсэн.
-Ямар зорилгоор авч явсан юм бол оо. Та зүс таних уу?
-Тэрийг нь мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Удахгүй тодорхой болох байх. Огт танихгүй хүн байна билээ. Сая би цагдаагийнханд мэдүүлэг өгчихөөд ирлээ.
-Охиноо голд живчихсэн байх гэж айж байв уу. Одоо сэтгэл тайвширсан биз дээ?
-Тийм ээ. Санаа амарлаа. Цагдаагийн газраас “Охиныг чинь олсон” гэхэд ирэхийг нь хүлээж, нойргүй хонолоо. Өнөөдөр (өчигдөр) 08.00 цагт аймгийн цагдаагийн алба хаагчид охиныг минь хотоос авчирсан. Охиныг минь шуурхай олж өгсөн ЭЦА-ныхан, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын бүх алба хаагчдад талархсанаа илэрхийлье.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Би таван хүүхэдтэй. Дөрвөн хүү, ганц охинтой.
Бэлтгэсэн: Ч.Болор