Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэйшнл” байгууллагынхан ийн мэдэгдлээ. Тэдний үзэж буйгаар тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд үндэстний цөөнх исламын шашинт рохинжа нарыг нарийн зохион байгуулалттайгаар хүчирхийлж, тамлан зовоож, хядсан байна. Мөн рохинжа иргэд төвлөрөн суудаг гацаа тосгод руу халдахыг цэргүүддээ тусгайлан даалгасан байх магадлалтай гэнэ.
2017 оны наймдугаар сард исламын шашинт зэвсэгт босогчид Мьянмарын Ракин мужийн нутаг дахь цагдаагийн хэд хэдэн пост руу халдсаны хариуд тус улсын Зэвсэгт хүчин рохинжа нарын тосгод руу халдан, байшин барилгуудыг галдан шатааж, хэдэн мянган хүнийг орон гэрээсээ дүрвэн дайжихад хүргэсэн юм.
“Эмнести интернэйшнл”-ийнхэн энэ явдлыг хэдхэн сарын дотор үндэстний цөөнхийг хоморголон устгах, улс орныг бүхэлд нь хамарсан ажиллагаа болсон гэж үзэж байна. Мьянмараас зугтсан 700 мянга гаруй рохинжа иргэд өдгөө Бангладешт толгой хоргодож буйгаас олонх нь дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа билээ.
“Эмнести интернэйшнл”-ийн “Бид бүгдийг устгана” гарчигтай тайланд өөр нэгэн ноцтой мэдээлэл байгаа нь Мьянмарын эрх баригчид өнгөрөгч оны наймдугаар сард эхэлсэн дээрх үймээн самуунаас ч өмнө рохинжа нарыг устгахаар бэлтгэж эхэлсэн гэх таамаг юм. Тус байгууллагынхан Мьянмар, Бангладешийн нутагт 400 гаруй хүнтэй ярилцсаны дүнд уг тайланг гаргасан аж.
Тэд бодит байдалтай биеэр танилцсаны дүнд Мьянмарын эрх баригчид хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь баттай байна хэмээгээд гол гэмт этгээдүүд болох Зэвсэгт хүчин, Засгийн газрын нийт 13 дээд тушаалтан Гаага дахь Олон улсын эрүүгийн шүүхээр шалгагдах ёстой гэж үзжээ.
Гэхдээ Мьянмар улс олон улсын шүүхийн өмнө үүрэг хүлээх Ромын тунхагт нэгдээгүй тул хүний эрхийн төлөө тэмцэгчдийн гэмт хэрэгтэн хэмээж буй тэдгээр албан тушаалтныг Гаага хотод шүүхийн тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орны зөвшөөрөл хэрэгтэй юм. Харин Мьянмарын төр, засгийнхан рохинжа нарын эсрэг үйлдлээ ердөө алан хядагчдын эсрэг авсан хариу арга хэмжээ хэмээж буй.