1967 оны дөрөвдүгээр сарын 21-нд Грект төрийн эргэлт болж, цэргийн хунт эрх мэдлийг гартаа авав. Европт цэргийн шинэ дэглэм гарч ирэх боломжгүй гэх хатуу итгэл 1960-аад оны сүүлийн хагаст дэлхийн улс төрд бий болоод байлаа. Португал, Испанид Өрнөдийн дэмжлэгтэйгээр Салазар, Франкогийн тогтоосон дэглэм хэвээр байсан ч түүнийг өнгөрсөн түүхийн үлдэгдэл гэж үздэг байв.
Цэргийнхнийг Ази, Латин Америкийн орнуудад коммунизмтай тэмцэгчид гэж Вашингтон үзэж байсан хэрнээ Европт ийм зүйл харин ашиг тусаас илүү хор хөнөөлтэй гэсэн бодолтой байжээ. Баруун Европ социалист лагерийн “эрх чөлөөгүй” улсуудыг сөрсөн “ардчилалын үнэт зүйлсийн” лангуу байх ёстой байлаа. Тийм болохоор 1967 оны хавар Грект болсон үйл явдал ЗХУ-д төдийгүй АНУ-д ч таагүй бэлэг байв.
Дэлхийн I дайнаас эхлээд Грекийн улс төр тогтвортой байсангүй. Гитлерийн эзлэн түрэмгийллийн нөхцөлд грекчүүд булаан эзлэгчдийн эсрэг ширүүн тэмцэл өрнүүлж байхад ч тус улсын дотоод эв түнжингүй байдал үргэлжилсээр байлаа. Грекийн эсэргүүцлийн хөдөлгөөнд зүүний хүчин, түүний дотор Коммунист нам нь их үүрэг гүйцэтгэж байв. Коммунистууд улс орноо чөлөөлсний дараа эрх мэдлийн төлөө өрсөлдөхөд бэлэн байв.
Гэвч коммунистууд засгийн эрхэнд гарч ирэх нь Өрнөдийн орнууд, юуны түрүүнд, Их Британийн санаанд огт нийцэхгүй байв. Уинстон Черчилль Иосиф Сталинтай хэлэлцээ хийхдээ Грекийг Өрнөдийн холбоотнуудын нөлөөллийн хүрээнд үлдээж чадсан байна. Үүний дараа Грек дэх коммунистуудыг эсэргүүцэгчид Их Британийн цэргийн дэмжлэгт дулдуйлан зүүнтнүүдийн зэвсгийг хурааж, дарж авчээ.
Грек дэх зөрчил тэмцэл 1946 онд бүрэн хэмжээний иргэний дайн болж хувирав. Грекийн коммунистуудтай хийх тэмцлийг Лондон биш, “Трумений номлол” гэгчийн хүрээнд Өрнөдийн орнууд дахь коммунист хүчнүүдийг устгах зорилгоо болгосон Вашингтон удирдах болжээ.
Тэгвэл “Грекийн асуудлыг” Москва эцэслэн шийдэж чадахгүй нэлээд удсан байна. Грекийн коммунист намынхан ЗХУ-д тухайн үед байгаагүй их хүч, хэрэгсэл шаардаж байв. Тэгээд ч Грекийг “харийн нутаг” гэж үзсэн урьдын тохиролцоог Сталин баримталсаар байлаа. Эцэст нь, 1949 оны аравдугаар сард иргэний дайн коммунистуудын ялагдлаар дуусав. Нас барсан хүний тоо 50 мянгаас давжээ. Дайн дууссаны дараа Грекийн коммунист намын үйл ажиллагааг зогсоож, олон гишүүн нь хэлмэгдүүлэлтийн золиос болов. Гурван жил өнгөрөхөд Грек улс НАТО-гийн гишүүн болжээ.
Коммунист намыг хориглосон ч Үндсэн хуульт хаант засаглалыг тунхагласан тус улсад тогтвортой байдал бий болсонгүй. Засгийн газар нь байн байн солигдож, эдийн засаг нь ихэд доройтсоноос хүн амын янз бүрийн давхаргын эсэргүүцэл өрнөсөөр байв.
“Апостасия” нэрээр дэлхий дахин мэдэх болсон улс төрийн ээлжит хямрал 1965 онд Грект дэгдлээ. Ингээд ажиллах чадвартай Засгийн газар байгуулж чадалгүй хоёр жилийг өнгөрөөв. Парламентын шинэ сонгуулийг 1967 оны тавдугаар сарын 28-нд хийхээр товлов.
Түүнд Георгиос Папандрегийн тэргүүлдэг “Төвийн холбоо” ялах магадлалтай байсан бөгөөд Парламентад олонх болохын тулд Зүүний нэгдмэл ардчилсан намтай нэг эвсэл болох ёстой байлаа. Консерватурууд нь болохоор энэ намыг хориглосон коммунистуудын үйл ажиллагааны халхавч гэж үздэг байсан нь зарим талаар үнэний хувьтай байжээ. “Коммунист хонзон авахыг” барууны хүчнийхэн тэвчихгүй нь тодорхой. Ийм нөхцөлд эрх мэдэл цэргийн дарангуйллын гарт очих нь гарцаагүй байв.
1967 оны дөрөвдүгээр сарын 21-нд Афин хотын гудамжинд танкнууд гарч ирлээ. “Улс орноо эмх замбараагүй байдал, сүйрлээс гаргах зорилготой хувьсгал” гарлаа хэмээн цэргийнхэн хэлж байв. Энэ эргэлтийг бригадын генерал Стилианос Паттакос, хурандаа Георгиос Пападапулос, Николаос Макарезос нар толгойлжээ. Удирдагч нь Пападапулос.
Грекийн цэргийн хунт хар өнгийн дүрэмт хувцастай байснаас тэдний тогтоосон дэглэмийг “Хар хурандаа нар”-ын гэж нэрлэх болсон байна. Үйл явдал ийн эргэхийг Вашингтон үгүйсгэхгүй байсан ч төдийлөн таашаалтай биш байжээ. Грект сууж байсан АНУ-ын Элчин сайд Филлипс Тэлбот энэхүү эргэлтийг “ардчиллыг хүчирхийлсэн” үйл явдал гэж үзэв.
Гол зорилгоо коммунизмыг эсэргүүцэх явдал гэж мэдэгдсэн учраас АНУ уг дэглэмээс бүрэн татгалзаж чадахгүй байсан бол Европын нэлээд улс Афинаас холбоогоо таслав. Харин “Хар хурандаа нар” ЗХУ-тай тогтоосон дипломат харилцаагаа таслаагүй нь сонирхол татаж байлаа. Шинэ дэглэмийн төлөөлөгчид Зөвлөлтийн Элчин сайдтай уулзаад хоёр улсын бараа эргэлтийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Цэргийн дэглэм Грек улс дотроо өргөн дэмжлэг хүлээгээгүй, улс төрийн голлох хүчний хувьд дотоодод ч, гадаадад ч түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байжээ. Тиймээс Грекийн хаан Константин эргэлтийн эсрэг эргэлтийг 1965 оны арванхоёрдугаар сард хийсэн ч бүтсэнгүй. Хаан эх орноосоо зугтан гарч, Италид орогнох болов.
Зөвлөлтийн эвсэл Өрнөдийг “ард түмний эсрэг дэглэмд” тусаллаа хэмээн зэмлэж, Грекийн цэргийн дарангуйллыг идэвхтэй ашиглаж байлаа. Эхний жилүүдэд Грекийн цэргийн дэглэм улс төрийн тогтворгүй байдлаас залхсан иргэдийнхээ зарим хэсгийн дэмжлэгийг хүлээв. Улс төрийн амьдралыг тогтворжуулсан нь эдийн засгийн байдлыг нэлээд сайжруулсны зэрэгцээ цэргийн хунтад ч “өгөөтэй” байсан аж.
Цэргийнхэн засгийн эрхэнд байгаагаа хууль ёсны болгох оролдлогыг байнга хийж, улс төрийн янз бүрийн хүчний төлөөллийг өөртөө татахыг хичээж байв. 1968 онд шинэ Үндсэн хуультай болж, улс төрийн дээд зиндааныхны төлөөлөгчидтэй яриа хөөрөө хийж, тэдэнтэй хамтарч ажиллахыг эрмэлзэх болсон байна.
1970 оны арваннэгдүгээр сарын 24-нд “грекчүүдийн бага парламент” буюу төлөөлөгчдийн хурал болов. Түүнд тухайн үеийн Ерөнхий сайд Пападапулосын шийдвэрээр томилсон, түүний хяналтад байдаг 92 төлөөлөгч багтжээ. “Бага парламентыг” жинхэнэ хууль тогтоох байгууллага бий болгох зүгт хийж буй алхам гэж Засгийн газар нь үзэж байлаа. Гэтэл шийдвэр гаргахад эл байгууллага үнэндээ огт нөлөө үзүүлдэггүй байжээ.
1973 он хүртэл Грек ор нэрийн төдий хаант засаглалтай, хаан нь зугтсан болохоор эрх мэдлийг төлөөний этгээд хэрэгжүүлж байв. “Хар хурандаа нар” 1973 онд бүх нийтийн санал асуулга явуулж, сонгогчдын 85 хувь нь хаант засгийг халж, БНУ-ыг тунхаглахын төлөө саналаа өгсөн байна. Ингээд 1973 оны зургадугаар сард хунтын толгойлогч Георгиос Пападапулосыг улсынхаа Ерөнхийлөгч хэмээн зарлав.
Улс орон нь эдийн засгийн ноцтой бэрхшээлтэй дахин учирч, цэргийн хунтын эсрэг тэмцэл байсхийгээд гарах болжээ. Дэглэмээ байнга “ардчилах” замаар энэ давлагааг зогсооно гэж Пападапулос найдаж байв.
1973 оны арваннэгдүгээр сард Афины политехникийн их сургуулд оюутнууд бослого гаргахад цэргийн хүчээр харгислан дарсан байна. 20 гаруй оюутан алагдаж, олон зуу нь шархдав. Грек даяар их баривчилгаа эхэллээ.
Георгиос Пападапулосын либерал бодлого ийм байдалд хүргэлээ гэж өөрчлөлтийг таашаадаг цэргийнхэн үзэж байв. Тэгээд Г.Пападапулосыг зайлуулж, бригадын генерал Димитрис Иоаннидис шинэ удирдагч боллоо. Тэрбээр “хатуу гарын” талын хүн байв.
Дэглэмийг эсэргүүцэх хөдөлгөөн нэмэгдсээр байлаа. Ийм нөхцөл байдалд Ионнидис цэргийн хунтынхаа нэр хүндийг өсгөж, нийгмээсээ хүлээх дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд жижигхэн дайн хийж, хүн амын олонх нь грек хүмүүс болох Киприйг улсдаа нэгтгэхээр шийдэв. Ингээд 1974 оны долдугаар сарын 15-нд Грекийн цэрэг Киприйн Ерөнхийлөгч III Макариосыг огцруулав. Гэтэл тус арлын турк хүн амыг хамгаалахаар Туркийн цэргийн анги, салбарууд тэнд очсоноос болж НАТО-гийн гишүүн хоёр улс дайтах дээрээ тулжээ. Гэхдээ зэвсэг зөрүүлэхээс зайлж чадсан нэгдмэл байсан Кипр Грекийн, Туркийн гэсэн хоёр хэсэг болон хуваагдаад хагас зуун жил болох гэж байна. Кипрт түрэмгийлэн халдсанаас “хар хурандаа” нарын нэр хүнд эргэж сэхэхгүй болтлоо унаж, зүүн, баруун гэлтгүй улс төрийн бүх хүчин тэдний эсрэг нэгдсэн байна. Ийнхүү цэргийнхэн 1974 оны наймдугаар сард эрх мэдлээ иргэний Засгийн газарт шилжүүлэхээс аргагүй болжээ.
Пападапулос, Иоаннидис, Макарезос, Паттакос нарыг баривчлан шүүхэд шилжүүлж, цаазын ял оноов. Хожим нь ялыг сольж, насаар нь шоронд хорих болов. Цэргийн хунтын толгойлогчдоос өдгөө амьд байгаа нь үгүй. Хамгийн сүүлд тэднээс Стиллианос Паттикос 2016 онд 103 насандаа хорвоог орхижээ. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж буйгаа тэрбээр албан ёсоор илэрхийлж, 1990 онд чөлөөлөгдөн амьдралынхаа сүүлчийн жилүүдэд эрх чөлөөтэй иргэн байсан аж. Харин Афины оюутнуудын бослогыг цус урсган дарсан Иоаннидис гэмшихгүй байсаар шоронд амьсгал хураажээ.