Монгол бөхийн өргөөний орчимд хоёр хүнийг суудлын автомашинаар мөргөсөн хэрэг 2017 оны арванхоёрдугаар сарын 19-нд гарч, осол гаргасан жолооч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид нэг жил хоригдож байна. Уг нь хохирогч нарт хөнгөн гэмтэл учирсан ч шинжээчид өөрчилсөн гэнэ. “Б.Ундармаа тэргүүтэй шүүх эмнэлгийн есөн шинжээч буруу дүгнэлт гаргасан учраас жолоочид оноох байсан гурван сарын баривчлах шийтгэл нь хорих ялаар солигдсон” гэж хуульч А.Эрдэнэбилэг өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр “Хэрвээ шүүхийн шинжээчдийг таньдаг бол 500 000-1 000 000 төгрөг төлөөд шүүх эмнэлгийн дүгнэлтийг өөрчлүүлж болдог, үүнийг батлах олон баримт бий. Шүүх эмнэлэг тэр чигээрээ авлигад идэгдсэн” гэж онцлов. Мөн нэр бүхий шинжээч эмч нарыг энэ долоо хоногт хууль сахиулах байгуулагад шалгуулахаар хандана гэв.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр