Хорь гаруй жилийн турш Лондон байнгын амьдарч, ажиллаж ирсэн Оросын тэрбумтан Роман Абрамовичид Британи виз олгохоос татгалзсан талаар Орос болон Будант Альбионы хэвлэлүүд шуугиж байна. Визний хугацаа дууссан тул тэрбээр визээ сунгуулахаар мэдүүлэг өгсөн ч татгалзсан хариу авчээ. Учир нь Британийн тал Абрамовичийн хөрөнгөний хууль ёсны эх үүсвэрт эргэлзэж байгаа тул хууль ёсных болохыг баталсан тохиодолд хөрөнгө оруулалтын виз олгоно гэсэн болзол тавьсан тухай Daily Telegraph мэдээлэв. Тус сонины тэмдэглэснээр Абрамовичоос гадна гадаадын иргэншилтэй цөөнгүй баячуудад мөн ийм асуудал үүссээд байгаа гэнэ. Үүнд тодорхой шалтгаан бий. Тавдугаар сарын 1-нд Британийн Доод танхим холбогдох хуулиндаа өөрчлөлт оруулснаар Британийн Виржини арал, Кайманы арлын засаг захиргаа офшор данс эзэмшигчдийнхээ нэрсийг ил болгох үүрэг хүлээжээ. Гэвч одоогоор мэдээллийг ил болгоогүй байгаа аж.
Абрамович Оросын анхны тэрбумтануудын нэг бөгөөд ОХУ-ын Чукотк мужийн амбан захирагчаар ажиллаж байсан. 2003 онд 140 сая фунт стерлингээр хөлбөмбөгийн “Челси” клубийг худалдаж авснаар Англид байнгын оршин сууж ирсэн юм.