БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д айлчилж, тус улсын дарга Си Зиньпинтэй хэлэлцээ хийв. Тэдний уулзалт Хятадын Ляонин мужийн Далянь хотод даваа гаригт эхэлж, хоёр хоног үргэлжилсэн тухай “Xinhua” агентлаг мэдээллээ. Солонгосын хойгийн асуудлыг яриа хэлэлцээ хийж, зөвлөлдөх замаар зохицуулах чиглэлээр ажиллаж буй БНАСАУ, АНУ-ын хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байна хэмээн Си Зиньпин хэлэлцээний үеэр хэлжээ. Тэрчлэн Солонгосын хойгийн асуудлыг эв зүйгээр зохицуулах, тус бүс нутагт урт удаан энх тайван, тогтвортой байдал тогтоох үйл явцад бүх талын ахиц дэвшил гаргахыг Хятад улс дэмжин идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Үүний хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход байнга, чухал хувь нэмэр оруулдаг Хятадын талд талархаж буйгаа Ким Жөн Ун илэрхийлжээ. Умард Солонгосын хувьд цөмийн зэвсэггүй улс болохоос өөр чухал зүйл үгүй бөгөөд сонирхогч талууд дайсагнасан бодлогоосоо татгалзаж, улс орных нь аюулгүй байдалд заналхийлэхгүй бол цөмийн зэвсгээ устгана гэж тэрбээр хэлсэн байна.
Үүний сацуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео БНАСАУ-д айлчилж, Америк, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын товын талаар хэлэлцээ хийсэн тухай “Reuters” мэдээллээ. Тэрбээр тус улсад ял эдэлж байсан АНУ-ын гурван иргэний хамт буцсан байж магадгүй гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар дахь эх сурвалж хэлснийг “Yonhap” агентлаг уламжлав.
Тагнасан, дайсагнасан үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Умард Солонгост ял шийтгүүлсэн Америкийн гурван иргэнийг өнгөрсөн сарын эхээр шоронгоос зочид буудалд шилжүүлсэн байна. Тэднийг суллах хэлэлцээг БНАСАУ-д АНУ-ын эрх ашгийг төлөөлдөг Швед улс зуучилж байсан юм.
Вашингтон, Пхеньян хоёр дээд хэмжээний уулзалтаа Умард, Өмнөд Солонгос хоорондын хилийн цэрэггүй бүс дэх Панмүнжом тосгонд удахгүй хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн билээ.
Мөн Токио хотод Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзаж, хэлэлцээ хийсэн тухай NHK мэдээллээ. Энэ нь 2015 оноос хойш тус гурван улс хоорондын анхны уулзалт билээ. Ли Көцян сүүлийн долоон жилийн хугацаанд Японд хөл тавсан Хятадын анхны Ерөнхий сайд бол Мүн Жэ Ин сүүлийн 6.5 жилийн хугацаанд Японд айлчилсан БНСУ-ын анхны удирдагч болов. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Хятадад хоёр дахь удаагаа айлчилсныг гурван талын хэлэлцээний эхэнд Ш.Абэ дурдаад, “Умард Солонгосыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөс нь бүрмөсөн татгалзуулах боломж бидэнд байна” гэлээ.
“Цөмийн зэвсгээсээ татгалзах бодитой алхам хийхийг БНАСАУ-аас шаардахын тулд тус гурван орон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах хэрэгтэй. Мөн олон жилийн өмнө Умард Солонгосын тагнуулчдад хулгайлагдсан Японы иргэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар хамтран ажиллах шаардлагатай” гэж тэрбээр хэлсэн байна.
Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Солонгосын хойг болоод Зүүн хойд Азид энх тайван байдал тогтооход Япон болон Хятадын дэмжлэг, туслалцаа маш чухал” хэмээн онцлон тэмдэглэсэн бол Хятадын Ерөнхий сайд Ли Көцян “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын тулд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангаж, сахин хамгаалахын төлөө манай гурван улс илүү нягт хамтран ажиллах нь зүйтэй” гэжээ.
Гурван улсын удирдагчид мөн эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах арга замуудыг авч хэлэлцжээ.