Дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлэхийн тулд Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэт их зээл авч, өрийн хавханд орохоос сэрэмжлэхийг Азийн хөгжлийн банкны (АХБ) ерөнхийлөгч Тахэхико Накао Монгол зэрэг улсад анхааруулсныг Японы “Nikkei” сонин уламжлав.
Мөн тийм сэрэмжлүүлгийг Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард өнгөрсөн сард өгсөн байна. Тэрбээр Хятадад хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хэдийнэ өрийн дарамтад орсон орнуудын байдлыг “Бүс ба Зам” санаачилга улам хүндрүүлж болзошгүй. Тэдгээр улс санхүүгийн менежментээ маш болгоомжтой хийх нь чухал. Ингэвэл ирээдүйд санхүүгийн бэрхшээлд орохоос сэргийлэх болно” гэжээ. Хятад улс санаачилгынхаа хүрээнд Ази, Европын хооронд орших худалдааны маршрутуудын дагуу найман их наяд ам.долларын өртөг бүхий дэд бүтэц байгуулахыг зорьсон.
Үүний сацуу “Дэлхийн хөгжлийн төв” судалгааны байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард гаргасан мэдэгдэлд Хятадын дэд бүтцийн санаачилгатай холбоотойгоор өрөө нэмсний улмаас 23 улс өрийн хямралд нэрвэгдэх эрсдэлтэй. Тухайлбал, найман улс, тэдгээрийн дотор Монгол, Мальдив, Пакистан, Лаос, Тажикистан, Кыргызстан өрийн хямралд орох эрсдэл илүү өндөртэй.
2030 он хүртэлх хугацаанд Азийн дэд бүтцийг сайжруулахад 22.6 их наяд ам.доллар буюу жилд 1.5 их наяд ам.доллар хэрэгтэй гэж АХБ тооцоолжээ.