ОХУ-ын тухай яриа өрнөхөд Японы Засгийн газар байр сууриа тэнцвэртэй байлгах хүндхэн асуудалтай аргагүйн эрхэнд тулгарч байна. Өрнө, Дорно хоорондын харилцааны хямрал 2014 оноос хурцадсан ч Япон улс энэ үеэс хойд хөрштэйгөө улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлсэн. Өмнөд Курилын арлууд буюу Хойд нутгийн талаар нутаг дэвсгэрийн эртний маргаандаа Япон улс амжилт олохын тулд ийм алхам хийх хэрэгтэй болсон хэмээн тус улс бодлогоо зөвтгөдөг.
Гэхдээ өнөөгийн геополитикийн түгшүүртэй байдал хүйтэн дайны үеийн түвшинд хүрчээ. Тиймээс Япон улсад Өрнөдийн холбоотнуудаас нь ирж буй дарамт шахалт улам бүр ихсэж байна. Тэд Токиог өөрсдийнх нь аясаар хөдлөхийг хүсэж буй.
“Их 7”-гийн бүлгийн гишүүд дундаас Япон улс хэдэн жилийн турш бие даасан байр суурь баримталсаар ирсэн. Үүний эхний шинж тэмдэг 2014 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Шинзо Абэ ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцоход илэрсэн юм. Тэгэхэд уг наадмыг Өрнөдийн олон удирдагч эсэргүүцсэн билээ.
Үүнээс нэг сарын дараа ОХУ Крымийг өөртөө нэгтгэхэд Япон зарим талаар хориг тавьсан. Гэхдээ тэдгээр арга хэмжээ нь их сул байсан нь уг бодлогыг Засгийн газар нь аргагүйн улмаас зөвшөөрөхөд хүрсний нотолгоо болж байв. Үнэн хэрэгтээ хориг арга хэмжээ авсан 23 хүний нэрийг дурдаагүй өнгөрсөн.
ОХУ-ын олон улсад тусгаарлах үйл явцад хувь нэмрээ оруулахын оронд Абэгийн засаг захиргаа Москватай ойр дотно болох чиг баримжаатай байв. Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн зөвлөгөөг үл харгалзан 2016 оны тавдугаар сард Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахын тулд Абэ Сочид дахин зочилсон нь чухал үйл явдал болсон юм.
Тэнд Японы удирдагч хоёр талын харилцааны шинэ хандлагынхаа тухай зарласан бөгөөд үүнд өндөр түвшинд улс төрийн яриа хэлэлцээ хийх, найман заалт бүхий хамтын ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэсэн эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхээр тусгажээ. Үүний үр дүнд Японы удирдагч ОХУ-тай эдийн засгаар хамтран ажиллах яам байгуулсан нь Засгийн газрынх нь гадаад улсын нэр орсон цорын ганц танхим болсон.
Зорилго нь 1945 онд ЗХУ арлуудыг булаан эзэлсэн цагаас хойш тус хоёр улсын харилцааг хүндрүүлсэн нутаг дэвсгэрийн асуудлаа шийдэх үндсийг бий болгоход оршиж байгаа юм. Япон улс Өмнөд Курилын арлуудаа буцаан авах л зорилготой. Гэхдээ одоогоор ийм боломж байхгүйг Абэ ойлгож буй учир завсрын илүү бодитой зорилгууддаа анхаарлаа хандуулж буй.
Аль ч талын тусгаар тогтнолд хохирол учруулахгүй тусгай хуулийн хүрээнд маргаантай нутаг дэвсгэртээ эдийн засгийн хамтарсан үйл ажиллагаа явуулах тухай хэлэлцээр байгуулах нь түүний зорилго. Энэ нь тэдгээр аралд Японы Ерөнхий сайдын хийх түүхэн айлчлалын үеэр тэмдэглэж болох гадаад бодлогын салбар дахь олсон амжилтаа өвлүүлэхтэй холбоотой юм. Үүний сацуу энэ нутаг дэвсгэр дэх Японы нөлөөг сэргээх нь бүрмөсөн эргүүлэн авах зам руу хийсэн анхны алхам болно хэмээн Абэ найдаж байна.
Нэн тэргүүний таван төслөөр хэдийнэ хэлэлцээр байгуулсан, хамтран ажиглах хоёр айлчлалыг 2017 онд хийжээ. Хуулийн асуудал л шийдэгдээгүй үлдсэн, учир нь Москва улсынхаа хуулийн хүрээнд ч үйл ажиллагаа явуулахыг Японы үйлдвэр, албан байгууллагуудад зөвшөөрөхгүй байгаа юм. Эл асуудлыг шийдэхээр байгуулсан хоёр талын ажил хэргийн хоёр дахь уулзалт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-нд болсон ч тодорхой үр дүнд хүрээгүй.
Хууль, эрх зүйн саад бэрхшээл байгаа хэдий ч Абэ ирэх сарын сүүлчээр Орост айлчлах үеэрээ амжилтад хүрнэ гэсэн өөдрөг бодолтой хэвээр байна. Тэрбээр тавдугаар сарын 25-нд Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганд, дараагийн өдөр нь Москвад Их театрт болох, ОХУ-д Японы жилийн хөтөлбөрийн албан ёсны арга хэмжээнд оролцох юм. Энэ айлчлал нь эдийн засгийн болон улс төрийн харилцаа бэхжихийг харуулах ёстойгоос гадна Ерөнхий сайдын шинэ хандлагын оргил цэг болох учиртай.
СКРИПАЛЬ, СИРИ, ӨРНӨД БОЛОН ОРОС ХООРОНДЫН ХЯМРАЛ
Абэгийн нарийвчлан боловсруулсан төлөвлөгөөнд саяхан болсон хоёр үйл явдал нөлөөллөө. Юуны түрүүнд, Оросын тагнуулч асан Сергей Скрипаль болон түүний охин Их Британид мэдрэл саажуулах бодис хэрэглэсэн халдлагад өртөв. Зүүн Гутад Сирийн цэргийнхэн химийн зэвсэг ашигласан байж болзошгүй нь хоёр дахь үйл явдал боллоо. Эдгээр нь өрнөдийнхөн, оросууд хоорондын харилцааны хямралыг гүнзгийрүүлж, улмаар Японыг улам хүнд байдалд оруулж орхив.
Тус улс дээрх хоёр тохиолдолд өөрийгөө Оросын эсрэг турхирахаас болгоомжлон Өрнөдийн түншүүдээсээ чимээгүйхэн зай барихыг хичээлээ. “Их 7”-гийн гишүүдээс ганцхан Япон улс л Скрипалийн хэргийн дараа Оросын дипломатчдыг хөөгөөгүй. Түүгээр зогсохгүй, Японд тагнуулын мэдээллүүд өгсөн ч Абэгийн засаг захиргаа Оросыг зэмлэн буруушаахаас татгалзсан. Сирийн талаар ч Япон улс Өрнөдийн цэргийн ажиллагааг илэрхий дэмжихээс түдгэлзэж, төлөөлөгч нь л Токио АНУ-ын шийдвэр төгс байдлыг дэмжиж байна гэж хэлснээс өөр юмгүй.
Японы байр суурь Токио дахь Оросын ЭСЯ-наас сайшаал хүртсэн хэдий ч дотоод ч, гадаадад ч улам их шүүмжлэгдэх болжээ. Мэдээллийн “Nikkei” корпорацын эрс шүүмжлэлд “Япон улс зовсон британи нөхрөө дэмжихээс татгалзлаа” хэмээсэн байна. Энэ нийтлэлд Орост нутаг дэвсгэрийн талаар хэлэлцээр байгуулах гэсэн Абэгийн найдлагыг дэлхийн II дайн дуусахын өмнө болсон үйлдлийн төлөө тал засах гэлээ хэмээжээ. Зэвсэгт мөргөлдөөнөө зогсоох тухай тохиролцоонд хүрэхийн тулд Москвагийн дэмжлэгийг Япон улс авахыг оролдож байх үед ЗХУ давшилтад бэлтгэж байсан аж.
ӨРНӨДИЙН БАЙР СУУРИНД НЭГДЭХ НЬ
Эцсийн дүнд Японы Засгийн газар “Их 7”-гийн гишүүн орнуудын бүслэлтэд орохоос зайлсхийж буй бололтой. Энэ долоо хоногийн эхээр Торонтод болсон тус бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын өмнө Япон улс хүчтэй дарамт шахалтад өртжээ. Хуучин тагнуулч хордсон хэрэгт ОХУ-ыг буруушаасан, хамтарсан мэдэгдэл гаргасныг Япон дэмжихээс өөр аргагүй болсон. Тэрчлэн Сирид АНУ, Франц, Их Британиас өгсөн цэргийн цохилтыг бүрэн дэмжсэн тусдаа мэдэгдэлд ч Япон гарын үсгээ зурсан байна.
Байр суурийн гэнэтийн өөрчлөлт нь Японы тууштай баримталж байсан, Оросын талаарх бодлогыг тодорхойгүй байдалд оруулжээ. Гэсэн ч Абэ ирэх сард ОХУ-д айлчлахаар төлөвлөсөн хэвээр байгаа бол Японы удирдлага Москваг дараах дүгнэлтийг хийнэ хэмээн найдаж буй. Тухайлбал, Токиог Өрнөдийн байр сууринд хүчээр нэгдэхэд хүргэсэн. Оросыг улам бүр бүслэн хааж буйг үнэн хэрэгтээ Москваг Японтой хийж буй хамтын ажиллагаагаа улам бүр үнэлэхэд хүргэж, энэ нь нутаг дэвсгэрийн асуудлаар ахиц дэвшил гарахад хүргэнэ хэмээн Абэ өөдрөгөөр үзэж болох юм.
Гэвч бодит байдал дээр “Их 7”-гийн мэдэгдлийг Япон улс дэмжсэн нь хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхөөр байна. “Эдгээр баримт бичигт Япон улс гарын үсэг зурсан нь үнэхээр эмгэнэлтэй” гэж Токиод суугаа Оросын Элчин сайд мэдэгджээ. Илүү өргөн утгаар хэлбэл, Оросын тал маргаантай арлуудын талаарх Японы хүсэлтийг хүлээж авах магадлал улам бүр багаслаа.
Ингээд од нь хэдийнэ харьсан Абэ өөрийн эртний мөрөөдөл болох ОХУ-тай нутаг дэвсгэрийн маргааны талаар амжилт олох магадлал буурлаа. Үүний сацуу Өрнөд, ОХУ хоорондын хагарал өдгөө хүйтэн дайны үеийнх шиг гүнзгийрсэн нь Япон улс Оростой ойртон дотносох бие даасан бодлогоо явуулах чадавх нь улам бүр хязгаарлагдахад хүрч байна гэж АНУ-ын Темплийн их сургуулийн Япон дахь салбарын улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Жеймс Браун бичжээ.