Н.Энхтүвшин
Хүн төрөлхтний гашуудан харамсаж байдаг олон эмгэнэлт явдлууд үндсэндээ бодит хүмүүсийн тодорхой үйлдлүүд байдаг. Тэдгээрийн цар хэмжээ нь ялгаатай боловч зарим нь харгис хэрцгийгээрээ бүхэл бүтэн улс орныг аймшигт автуулж байсан билээ. Жишээ нь Америк орон Чикагогийн гангстер Аль Каппонегийн үйлдлүүдийг санах болгондоо зочдог билээ.
Өнгөрсөн зууны хориод он Америкийн түүхэнд тод томруунаар бичигддэг билээ. Энэ үе бол асар их хөгжлийн хойноос агуу уналт дагуулсан үе юм. Энэ үе бол архины хуулийн, гангстеруудын дайны, тансаг гоё амьдралын, хээл хахуулийн үе билээ. Хориод он бол Америкийн төрийн гутамшиг болсон бөгөөд шүүх цагдаагийн байгууллага нь хээл хахуулийн бузар хэргээсээ одоо хэр нэг мөсөн салж чадаагүй билээ. Энэ бүгдийн гол буруутан нь гангстеруудийн хаан Аль Каппоне хэмээн үздэг юм.
Есөн хүүхэдтэй итали цагаачдын гэр бүлд төрсөн Аль Каппоне багаасаа л хэцүү хүүхдийн тоонд ордог байжээ. Түүний бага нас Бруклинд өнгөрсөн бөгөөд тэнд түүний харгис хэрцгий зан чанар бүрэлдэн тогтсон гэдэг. Арван дөрвөн насандаа тэрбээр багштайгаа зодолдсоны улмаас сургуулиасаа хөөгджээ. Өөрөө ч сурах сонирхолгүй байсан гэдэг.
Үеийнхнээсээ биеэр том бас дүрэлзсэн зантай түүнийг Бруклиний томчуудын гангстер Фрэнк Йель анзааран дээрмийн бүлэгтээ авсан байна. Каппоне Йелийн баранд хамгаалагчаар ажиллаж байхдаа нэгэн хүүхнийг бүдүүлгээр өдсөнийхөө хариуд түүний найз залууд хацраа хутгаар сийчүүлжээ. Үүнээс хойш түүнийг Сорвит гэж хочлох болсон байна.
Бруклин нь олон үндэстэн ястны цагаачдын дүүрэг болохоороо тэр хэмжээгээрээ олон гэмт хэргийн бүлгүүдтэй байжээ. Аль Каппоне өөрийнхөө дүрэлзсэн зангаасаа болж “ирланд” бүлгийн нэгэн гишүүнийг цааш нь харуулжээ. Түүний хариуд тэр бүлгийн толгойлогч Каппонег алах тушаал туслахууддаа өгсөн байна. Хэдий Каппоне аймхай нэгэн байгаагүй ч Франк Йель гарах үр дагавраас зайлсхийхийн зэрэгцээ түүний дүрэлзсэн зангаас залхан Чикаго хот руу өөрийн найз Жони Торрио руу явуулжээ.
Тэр үеийн Чикаго хот гангстеруудийн нийслэл байсан гэж болно. Учир нь асар хурдтай томрон хөгжиж байгаа энэ хотын засаг захиргаа цагдаагийн байгууллагын ажилтнуудын хээл хахуулийн хэрэг цагаандаа гарсан байлаа. Чикаго хотын гэмт хэргийн ертөнцийн хаан нь Том Жим Колозимо гэгч байсан юм.
Тэрбээр янхны, мөрийтэй тоглоомын нууц газрын сүлжээтэйгээс гадна хар тамхины наймааг хянадаг аж. Гэвч сүүлийн үед түүнийг зугаа цэнгэл хөөн бүлгүүдээ удирдах ажлаа хийж чадахаа больсон гэж шивир авир гэх болцгоосон байна. Энэ нь үнэн бөгөөд эцэст нь түүний аминд хүрсэн билээ. Түүний бүх хэргийг Жони Торрио гэгч үргэлжлүүлсэн юм. Харин Аль Каппоне аль хэдийн Торриогийн баруун гар болж амжсан байжээ.
1920 онд АНУ-д архины үйлдвэрлэл худалдааг хоргилсон хууль гарсан юм. Энэ хууль гарснаараа зохион байгуулалттай гэмт хэргийн наймаа нь орон нутгийн шинжтэй бизнес байсан бол бүхэл бүтэн үндэсний хэмжээний болтлоо хувирсан билээ. Чикаго хот архи дарсны үйлдвэр ихтэй Канадтай хил залгаа хот тул энэ хорион дээр мөнгөжих хамгийн тохиромжтой хот байсан аж.
Харамсалтай нь согтууруулах ундааны наймаан дээр хөлжих санаа ганц Торрио Коппоне хоёрын толгойд орж ирээгүй юм. Удалгүй тэдний байгууллагын өрсөлдөгчид гарч ирсэн бөгөөд асуудлыг зөвхөн галт зэвсгээр л шийддэг байжээ. Торрио Каппоне хоёрын бүлэг бусдаасаа илүү зохион байгуулалттай, сахилга баттай байсан учир тэдний наймаа амжилттай хурдтай явахын зэрэгцээ дайснуудаа ч дийлэх нь их байлаа. Гэсэн ч өрсөлдөгчид нь 1925 онд хариу цохилт хийн толгойлогч Жони Торриог хүндээр шархдуулсан аж. Тэрбээр бүх хэргээ Аль Каппонед шилжүүлэн өөрөө Чикаго хотоос явжээ.
Удирдлагыг гартаа авсан Аль Каппоне хамгийн түрүүнд өрсөлдөгчдөө устгах ажлыг эхлүүлсэн байна. Жонни Торриог шахдуулсан Мораногийн бүлгээс эхэлжээ. 1928 оны 2 дугаар сарын 14-нд гэгээн Валентины өдөр Морано руу нэгэн эр утас цохин ачааны тэрэг шарз архи байна гэж хэлжээ. Шунал нь дэндсэн Морано түүнийг бараатайгаа Хойд Кларк гудамжинд өөрийн байрлах агуулах дээр яваад оч гэжээ.
Мораног очиход түүний бүлгийн 6 гишүүн нь хүлээж байсан байна. Гэтэл агуулахын үүдэнд нэгэн хөнгөн тэрэг ирж зогсоход дотроос нь хоёр цагдаагийн ажилтан хоёр энгийн хувцастай хүмүүс гарч иржээ. Хулгайн барааны мэдээлэл авсан цагдаа нар ирж нэгжлэг хийх гэж байна гэж бодсон Мораногийн бүлгийнхэн ирсэн урилгагүй зочдын тушааснаар гараа ардаа барин хана руу харан жагсаад зогссон байна.
Хоромын дараа тэднийг автомат буугаар шүршин алжээ. Мэдээж энэ бол Коппонегийн бүлгийн ажиллагаа байлаа. Хэргийн газар ирсэн цагдаагийн нэг ажилтан “тэрхүү агуулах нь бойны газар мэт болсон байсан" гэж ярьжээ. Дээрхи хэргийг хийсэн эзэн нь тодорхой байсан ч нотлох баримтгүй учир илрээгүй хэргийн тоонд орон хаагдсан юм. Энэхүү гэгээн Валентины өдрийн цуст аллагын дараа Аль Каппоне Чикагогийн гэмт хэргийн ертөнцийн хаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Өөрийнхөө энэ байрыг бататгахын тулд Каппоне “Сицилийн нэгдэл” хэмээх нэртэй бүлгийг устгажээ. Энэ бүлэг нь гурван гишүүнтэй бөгөөд уг нь Каппонегийн найзууд гэж тооцогддог байв. Каппонегийн зохиосон нэгэн үдэшлэгт тэд уригдсан байна. Бүгд зоогийн газар орохдоо гадаа үүдэнд зэвсгээ үлдээсэн тул “Сицилйин нэгдэл бүлгийнхэн” тайвшран виски шимэн сууж байтал гэнэт Каппонегийн бүлгийнхэн тэднийг барьж аван хүлжээ.
Тэдний өмнө бейсболын том модон цохиур барьсан Каппоне гарч ирэн “Муусайн урвагчид” хэмээн хашхиран ухаан алдтал нь зодон эцэст нь буудаж алсан байна. Гурван гишүүний нэг нь “Бид одоо хэнд ч дийлдэхгүй боссууд” хэмээн болгоомжгүй ам алдсанаас өөрсдийнхөө үхлийг дууджээ. Иймэрхүү байдлаар Каппоне хэнд ч үл итгэ гэсэн ухагдахууныг хэд хэдэн удаа нотолжээ.
Хар багаасаа найзалсан өөрийн шадар туслахаа хүртэл устгах тушаал өгч байсан юм. 1920-иод оны сүүлээр болон дэлхийн эдийн засгийн хямралыг Каппоне овжиноор ашгилсан билээ. Тэрбээр хамгийн түрүүнд ажилгүй ядуучуудад хооллох үнэгүй хоолны газар унтах байрыг нээсэн юм.
“Хүн болгон Каппонегийн тухай хүссэнээ бодог. Гэвч хүн ямар нэгэн золгүй явдалтай учирсан бол түүнд туслах хүн бий. Аль Каппоне хүн болгонд тусалдаг төдийгүй хариу нэхдэггүй байсан” гэж тэр үеийн Чикаго хотын оршин суугч эмэгтэй дурссан байдаг. Түүний нэр төрийг олон нийтэд өргөхийн тулд тусгай сурвалжлагч хүртэл байдаг байжээ.
Чикаго хотын томоохон сонинд ажилладаг тэрбээр сонины ажлаасаа долоо хоногт 70 долларын цалин авдаг хирнээ долоон зуун долларын цалинтай мэт амьдардаг байсан гэсэн. Харин сэтгүүлч маань Каппонегийн талаар мэдээ цуглуулж байсан Мөрдөх товчооны ажилтантай уулзах өдрийнх нь өмнө хэн нэгэнд буудан алуулсан юм. Бүгд л Каппонег сэжиглэсэн боловч тэрбээр уснаас хуурай гарч чадсан билээ.
Хэдий харгис хэрцгий ч Аль Каппоне өөрөө үргэлжийн түгшүүртэй амьдардаг байжээ. Түүнийг алах гэж маш олон удаа оролдлого хийсэн билээ. Тэрбээр арваас доошгүй бие хамгаалагчтай явахын зэрэгцээ гэр нь 24 цагийн хяналтад байдаг аж. Тусгайлан захиалж хийлгэсэн сум нэвтэрдэггүй машины арын суудалд нь хайрцаг дүүрэн буу үргэлж бэлэн байдаг байв.
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Г.Гувэр Аль Каппонегийн цагаандаа гарсан гэмт хэрэгт зэвүүцэн Мөрдөх Товчооны захиралд түүнийг үүрд шоронд суулгах даалгавар өгчээ. Энэ ажиллагаанд тус товчооны “худалдагдашгүй” хэмээх тодотголтой хэдэн ажилтнуудыг нэгтгэн нууц бүлэг байгуулсан байна.
Энэхүү бүлгийн ажилтнууд Каппонег хоёр талаас нь хавчин ажиллажээ. Нэг талаас тэд хууль бус бараа тэдгээрийг наймаалдаг, худалддаг газруудыг илрүүлэн устгажээ. Энэ ажиллагаанд агаарын болон далайн цэргийн хүч хүртэл оролцсон юм. Нөгөө талаас Каппонегийн гэмт хэргийн эзэнт гүрний санхүүгийн талаарх мэдээллийг маш нууц бөгөөд нарийн зохион байгуулалттайгаар олж авчээ. Хамгийн түрүүнд Аль Коппонегийн ах Роберт өртсөн байна.
Түүний орлого сүүлийн гурван жилд найман саяд хүрсэн ч нэг ч төгрөгний татвар төлөөгүй учир гурван жилийн ял авчээ. Тун удалгүй мөнгөний нярав нь баригдаж таван жил ял аван шоронд орсон байна. “Хоёр талаас нь хавчих” ажиллагааны үр дүнд Каппонегийн бий болгосон ертөнц нурж эхэлсэн байна.
Дараа нь Каппонегийн бүх санхүүг хариуцаж байсан нягтлан бодогчийг мөрдлөгөөс зугтан нуугдаж байхад нь олон баривчлан ятгаж, заримдаа айлган сүрдүүлсний эцэст Капоннегийн эсрэг мэдүүлэг өгүүлэхээр болжээ. Ингээд 1931 оны намар АНУ арай гэж Аль Каппонед 11 жилийн ял өгч шоронд суулгах болжээ. Шүүх хурал дээр түүний өмгөөлөгч нь наймаалцах гэж оролдсон боловч шүүгч огт халгаагүй байна. Түүгээр ч зогсохгүй иргэдийн төлөөлөгчдөд нөлөөлөх гэж үзжээ. Шударга шүүгч төлөөлөгчдийг шүүх хурлын өдөр сольсон байжээ.
Аль Каппонег олон тооны дээрэм хууль бус наймаа, хүн амьны хэрэг биш харин татвар төлөөгүй гэсэн зүйл ангиар яллажээ. Хэдий татварын ерөнхий газар 383 мянган долларын татварын зөрчлийг илрүүлж нотолсон ч Америк орон ерөнхийлөгч, шүүх цагдаатайгаа нийлэн хүчээр 11 жилийн ял оноосон гэдэг.
Каппоне эхэндээ Атлантад их л “тансаг” шоронд суун хэн дуртай нь түүн дээр орж, утсаар чөлөөтэй ярьж гэмт бүлэглэлүүдээ алсаас удирдсаар байжээ. Эх баригчдад энэ нь огт таалагдаагүй бөгөөд түүнийг Алькатрас арлын чанга дэглэмээрээ алдартай шоронд шилжүүлэн суулгасан юм. Түүнээс гарах ганц боломж нь үлгэр жишээ сахилга батыг үзүүлэх байлаа. Тэрбээр бусад хоригдлуудын адил ажилд гарахад хоригдлууд “шүүртэй” босс гэж шоолдог байжээ.
Аль 19 настайдаа ирланд гаралтай Мае Кугли гэгч үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн билээ. Гэвч тэд бараг хамтдаа амьдардаггүй байсан гэлцдэг. Каппоне өөрийнхөө бохир заваан бизнес шигээ бэлгийн амьдрал нь ч замбараагүй байжээ. Тэрхүү замбараагүй амьдралаас үлдсэн нэгэн зүйл нь тэмбүү өвчин байсан юм. Энэ өвчин нь шоронд байх хугацаанд нь илрэн хүндэрсээр Каппоне ой санамжаа алдаж эхэлжээ. Хэсэг хугацааны дараа тал цус харвасны улмаас хагас бие нь мэдээгүй болсон аж. 1939 онд түүнийг аюулгүй болсон гэж үзэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр түр гаргажээ. Аль Коппоне шоронд найман жил суусан юм.
Аль Каппонегаас хамтран зүтгэгчид нь хэдий нүүр бууруулсан ч гэр бүл нь түүнийг үхэн үхтэл нь асран халамжилсан билээ. Гэргий Мае нь сүүлийн хөрөнгөө нөхрийнхөө эмчилгээнд зориулсан гэдэг. Аль Каппоне 1947 онд дөчин найман насандаа өөд болсон юм. Түүнийг Флоридаагаас Чикагод авчирч оршуулсан юм. Гэвч асар олон жуулчид сонирхогчид дэлхийн өнцөг булан бүрээс түүний шарилыг үзэх гэж ирдэг болсон учир гэр бүлийнхэн нь түүний шарилыг нүүлгэн шилжүүлсэн юм. Үхсэн хойноо ч гэсэн тэр нуугдан зугтах тавилантай байжээ.