Олон улсын хүний эрхийн төлөө тэмцдэг, хамгийн нөлөө бүхий “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргасан “Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст 180 орныг жагсаасанд Монгол Улс 71 дүгээрт орсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан үзүүлэлт юм. “Бусдын нэр хүндэд халдсан хуулийн этгээдүүдэд оноох шийтгэлийг нэмэгдүүлэхээр тусгасан Зөрчлийн тухай хуулийг Монголын телевизүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 26-нд эсэргүүцэн тэр өдрийн эфирээ хаасан. Монголд бусдын нэр төрд халдсан гэх хэргүүдийн талаас илүү хувь нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгуулагуудад хаяглагдаж байдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагуудад цензур тавихад хүргэж байгаа нь Монголыг хэвлэлийн эрх чөлөөгөөр хоёр байр ухраахад хүргэлээ” гэж “Хил хязгааргүй сэтгүүлчид” мэдэгджээ.
Энэ жилийн индексийг Норвеги, Швед, Нидерланд, Финланд улс тэргүүлж, БНАСАУ сүүл мушгив. ОХУ, БНХАУ болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагааг дэлхий дахины үг хэлэх эрх чөлөөнд гол саад учруулагчаар нэрлэсэн байна. Манай умард хөрш жагсаалтын 148, өмнөд хөрш 176 дугаарт орлоо.