Дэлхийн хүмүүс эрүүл, зохистой амьдралын хэв маягийг илүүд үзэж, элдэв чамин, ганган зүйл гэхээс илүүтэй энгийн, үзэмжтэй мөнгө, санхүүгийн хувьд халгаа багатай хэрэглээг чухалчлах хандлага бий болсныг ДЭМБ-ын шинжээчид онцолсон байна.
Энэ нь орон гэр, албан байгууллага, хүрээлэн буй орчноо тохижуулсан байдал, хоол хүнс, хувцас, хэрэгслийн сонголтоос нь тодорхой харагдах болсон гэнэ. Ялангуяа хүмүүсийн экологийн боловсрол дээшилж, орон байрандаа цэцэг ургамал тарьж, хүнсний зарим ногоог өөрийн нөөц бололцоогоор бий болгосон хүлэмжээсээ шууд хүртэх болсон нь сайшаалтай гэдгийг онцолжээ.
Үүнтэй холбогдуулан тасалгааны ургамлыг тун энгийн аргаар бордож, ургалт, ургацыг нь нэмэгдүүлэх бяцхан “илбийг” мэргэжлийн судлаачид зөвлөснийг хүргэе. Өөрөөр хэлбэл, заавал дэлгүүрээс химийн бордоо авалгүйгээр гэрт байгаа хүнсний бүтээгдэхүүнээр цэцэг, ургамлыг тордох боломжит арга юм. Ингэхийн тулд юуны өмнө усыг гоожуураас шууд тосож аваад ургамлын хөрс рүү хийхээ азнах ёстой.
Багадаа хагас өдөр байлгасны дараа услах бөгөөд үүн дээр элсэн чихэр нэмбэл цэцэг, ургамлын өнгө сэргэж, ишилж, нахиалах нь ч харьцангуй хурдан байдаг гэнэ. Ялангуяа үр жимсээ өгөх үед нь чихрээр урамшуулбал “ногоон хүүхэд” тань баярлах болно. Ийм уусмал бэлтгэхэд хагас литр ус, хоолны халбагаар дүүрэн элсэн ихэр байхад хангалттай.
Үс халцрах, шингэрэх үед касторын тос (касторовое масло) түрхвэл сайн гэж хүмүүс мэддэг болсон. Эмийн сангуудад энэ төрлийн бүтээгдэхүүн олон байгаа. Тэгвэл эл тос цэцэглэдэг ургамлын ургалтад онцгой нөлөөтэй гэнэ. Цайны халбага тосыг нэг литр усанд хийж сайн хутгаад, дээр нь хөвөхгүй болгох ёстой. Ингэж бэлтгэсэн ус цэцэг, ургамлыг элдэв нян, бичил биетээс хүртэл хамгаалж, өвчлүүлдэггүй бас нэгэн давуу талтай юм байна.
Модны нүүрс мэдээж хөрсөнд гайхалтай тэжээл болдог. Тасалгааны ургамалд ч ялгаагүй эл зүйл хэрэгтэй. 10 гр-ыг сайн нунтаглаад нэг литр усанд хийж, хутгаад, сард нэг удаа “уулгахад” ургамал баярлана.
Жүрж, анар, гадилын хальсыг бага зэрэг кофе, өндөгний хальстай хольж, нунтаглаад, хөрсөн дээр цацаад, услаарай. Үр дүн нь тэр дороо мэдэгдэнэ. Үүнээс гадна хоёр сар тутамд нэг ширхэг аспириныг таллаад ургамлаа бордвол сайн аж. Мөн л усанд уусгаад хийх бөгөөд ингэснээр элдэв мөөгөнцөр, өвчнөөс ангижруулах юм. Гэрийн өнгө үзэмжийг сэргээж, цэнгэг агаар бэлэглэдэг “ногооноогоо” энэ мэтээр эрхлүүлээрэй