Саудын Араб бол хязгааргүй хаант засаглал, орчин үеийн технологи, нефтийн орлогоор хөгжин цэцэглэсэн орчин, дундад зууны ёс заншил, эрхийн хэм хэмжээ бүхий ваххабитын ислам одоо хэр нь гайхамшигтайгаар хослон байдаг өвөрмөц улс. Бүс нутагтаа нөлөө бүхий энэ улстай одоогийн ОХУ-д хуучин ЗХУ-аас харилцааны түвэгтэйхэн түүх уламжлагдаж үлдсэн юм. Тэгэхдээ дандаа ч тийм байсангүй, тодорхой нөхцөл байдалд бүх юм огт өөр байж болох байв. Уг нь Саудын вант улсыг ЗХУ л анх түрүүнд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон байдаг. Москва яагаад Саудын Арабт нефтийн бүтээгдэхүүн нийлүүлж, тэгснээ яагаад зээл олгохоос татгалзаж, Сталины хэлмэгдүүлэлтээс энэ улс удаан хугацаанд Оросын дайсан болсон талаар өгүүлье.
УЛААН САЙД
Дэлхийн I дайнаас хойш, Османы эзэнт улс унасны дараа Саудын улс бий болсон юм. Гэхдээ нүүдэлчин омгуудын нэг болох Неджа (Аравийн хойгийн төв хэсгийн)-гийн жолоодогч Мухамед ибн Сауд, эндхийн лалын шашны номлогч Мухаммед ибн Абд аль-Ваххаб хоёр цэрэг-улс төрийн холбоо байгуулсан тэртээх 1744 оноос тус улсын түүх эхэлдэг. Хожим нь Неджийн тарж бутарсан омгийг ваххабизмын туган дор саудууд өөрийн захиргаанд нэгтгэж, 1925 онд хөрш Хижазын вант улсыг эзэлж авсан байна. Энэ улсын газар нутаг дээр лалын шашинтнуудын ариун хот Мекка, Мединка байдаг юм.
Үүнээс нэг жилийн өмнө Хижазын томоохон хот болох Жиддэд Зөвлөлтийн ерөнхий консулын газар нээгдсэн байлаа. Хижазыг Неджийн эмир Абдул Азиз ибн Абдуррахман Аль Сауд өөртөө нэгтгэж, өөрийгөө нэгдсэн вант улс (1932 оноос Саудын Араб гэх болсон)-ын хаан хэмээн зарлахад энэ бүс нутагт дөнгөж хөл тавиад байсан Зөвлөлтийн дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Карим Хакимов хэцүүхэн байдалд оров.
Гэвч тэрбээр ийм нөхцөлд зүг чигээ амархан олж 1929 оны хоёрдугаар сард ваххабитын шинэ төрийн дэргэд төвхнөөд авснаар ЗХУ саудуудтай дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон байна. Бодвол үүнээс ч болсон уу Хакимов (арабууд сүүлд нь түүнд “Улаан сайд” хэмээх хоч өгчээ) ван Аль Саудтай хувийн итгэмжит харилцаатай болж чаджээ.
Одоо үүнд итгэхэд түвэгтэй ч тухайн үедээ хоёр улсын ашиг сонирхол олон талаар нийцэж байв. Өрнөдийн тэргүүлэх орнуудаас тавиад байсан дипломат тусгаарлах ажиллагааг таслах, тус бүс нутагт өөрийн нөлөөг дэлгэрүүлэх нь ЗХУ-д чухал, Ойрхи Дорнодод бүхэлд нь хяналтаа тогтоохыг эрмэлзсэн Их Британийн түрэмгий бодлогыг сөрөн зогсох хүч шинэхэн үүсэн бий болсон вант улсад шаардлагатай байлаа. 1920-иод онд англичууд Арабын бүх улсыг өөрийн ивээл дор нэгтгэхийг хичээж байсан юм.
Хижазын түлхэн унагаагдсан хаан Аль Саудын гол дайсны хүү Хусеин ибн Али аль-Хашимыг тэд Османы эзэнт улсын туурин дээр бий болсон шинэ улсуудын хаан ор суулгажээ. Ийнхүү I Фейсал Сири, Иракийн хаан, I Абулла нь Трансиорданийн эмир (түүний удмынхан одоо хэр нь Иорданийг захирч буй) болжээ. Саудын залуу улс 1920-иод оны эцсээр Их Британитай цэрэг дайны зөрчилдөөнд ордгийн даваан дээр очсон нь гайхах юм биш байлаа.
Энэ үед Зөвлөлт-Британийн харилцаа ч сайнгүй (1927 оны тавдугаар сард бүр тасарсан), Арабын хойгт Москва дипломат амжилт олж буйд ихээхэн дургүйцэж байлаа. Зөвлөлтийн дипломатчдын гол өрсөлдөгч бөгөөд хаан Аль Саудын ордон хавьд Английн ашиг сонирхлыг төлөөлдөг зууч нь 1930 онд лалын шашинд орж шейх Абдулла хэмээгдэх болсон хааны зөвлөх Жек Филби байв.
Энд түүхийн нэг сонирхолтой явдлыг өгүүлэхэд Орос улсыг Саудын Арабаас шахахдаа Жек дажгүй амжилт олж (чухамхүү түүний санаачилгаар 1930-аад онд тэнд Америкийн нефтьчид үзэгдэх болсноор барахгүй удаан хугацаанд ажиллаж амьдарсан) байхад түүний хүү Ким Филбийг урвуулах ажлыг Оросын улс төрийн удирдах газрын ажилтан, алдарт Кэмбрижийн тавалыг үүсгэн бий болгосон Арнольд Дейч хийж байлаа. Хожим нь хүү Филби Зөвлөлтийн нэртэй тагнуулчдын нэг болсон төдийгүй амьдралынхаа сүүлчийн 25 жилийг Москвад өнгөрүүлсэн юм.
ХААНЫ АНД
Хакимовын оронд Зөвлөлтийн ерөнхий консулын албыг 1928 онд Зөвлөлт Туркестаны намын ажилтан Назир Тюрякулов авлаа. Энэ хоёр хүнд ижил төстэй юм бага бус байв. Тэд хоёул Оросын эзэнт улсад төрж, тэндээ гаднын хүн гэгдэж явсан ч дажгүй боловсрол (түүний дотор лалын шашны) олжээ. Хоёул хувьсгал хийгээд Зөвлөлт засагт талархалтай хандаж, дипломат албанд шинээр хөл тавьж, нас нь гуч дөнгөж гарч байлаа.
Гэлээ ч нарийн түвэгтэй дипломат тоглоомд учир начраа олох нь залуу нас, туршлага дутмаг байдал нь өрнөдийн дол цохьсон дипломатчдыг зарим үед давж гарахад нь саад болсонгүй. Харин ч ийм орчинд Оросын авьяаслаг анхдагчид айхтар давуу талтай байсан нь тэд лалын шашинтнаас гаралтай, араб хэл, тэндхийн ёс, заншил, Дорнын соёлын нарийн ширийнийг мэддэг байв.
Англичууд идэвхтэй эсэргүүцсэн ч Тюрякулов 1930 онд вант улс дахь дипломат байгууллагын тэргүүн боллоо. Тэрбээр Гадаад хэргийн ардын комиссарын орлогч Максим Литвиновт “Дипломат төлөөлөгчийн хувиар хэн нь анхдагч байх тухайд англичуудтай үүсгэсэн маргаан манайд ашигтайгаар шийдэгдсэн гэж дипломат төлөөлөгчийн газар үзэж байна. Албан ёсны арга хэмжээнд би тэргүүн зэргийн суудалд, Риан хоёр дахь, Францын хэргийг түр хамаарагч ноён Мегре гуравдугаар, Айноль-Мольк дөрөвдүгээр суудалд суусан.
Риан надтай ихээхэн эелдэг харилцдаг, надад зарим тохиолдолд ах зах хүнд хандах байдалтай байх болсныг тэмдэглэе” хэмээн бахархангуй мэдээлсэн байдаг. Хоёр сарын өмнө Тюрякуловын эрх хэмжээг Москвад дээшлүүлж, тэрбээр нэгэнт дипломат ажилтан хийгээд ерөнхий консул биш Онц бөгөөд бүрэн эрхт элч болсон нь үүнд нөлөөлсөн байж болзошгүй.
Хааны гэр бүлтэй онцгой харилцаатай байдгаа Хакимов, Тюрякулов хоёр тус бүс нутагт Орос улсын эрх ашгийг урагш ахиулахад ашигласан байна. 1931 онд Тюрякуловын зуучлалаар “бензиний наймаа” хийгдэж, ЗХУ-аас Саудын вант улс руу 100 мянган сав бензин, керосин нийлүүлэв. Одоо бол энэ бүхэн онигоо шиг санагдах байх, гэхдээ хөлийнх нь доор нефтийн асар их нөөц байгаа чинээ саудчууд тухайн үедээ сэжиглэсэнгүй. Энэ улс Мекка, Медина гэх лалын шашинтнуудын ариун хотыг үзэхээр ертөнцийн өнцөг булан бүрээс ирэх жуулчин мөргөлчдөөс гол орлогоо олдог байлаа.
Британи болон Европын бусад улсаас эрчим хүчний хараат байдлаас гарахад нь тус вант улсад “бензиний наймаа” тус болжээ. Хаан Аль Сауд нь Москватай хийх худалдаанд ялгаварлан хязгаарласан бодлого явуулж ирснээ өөрчлөх болов уу хэмээн найдаж ЗХУ 150 мянган долларын нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэхээр тохиров.
Саудын Арабын үе залгамжилсан хунтайж 26 настай Фейсал ибн Абдул-Азиз Аль Сауд 1932 оны тавдугаар сарын эцсээр ЗХУ-д 10 хоногийн албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр 10 жилийн хугацаатай нэг сая фунт стерлингийн бараа зээлээр өгөхийг Зөвлөлт Засгийн газраас хүсэв. Гэвч саудчууд Зөвлөлтийн бараанд тавьсан худалдааны хязгаарлалтаа цуцлаагүй төдийгүй “бензиний наймааны” өртгөө ч төлөөгүй гэдгээр шалтаглан Зөвлөлтийн тал эелдгээр татгалзсан байна. Саудын тал найрамдал, худалдааны
тухай гэрээнд гарын үсэг зурахыг хүсэхгүй байсан нь үүнд бас нэг чөдөр болсон аж. Хакимов, Тюрякулов хоёрын аль аль нь ихээхэн чармайлт гаргасан ч энэ асуудлыг шийдэж чадсангүй. Саудчууд жил бүр мянгаас доошгүй аялагч мөргөлчдийг Меккад ирүүлж байхыг шаргуу шаардаж байв. Улс төрийн хийгээд үзэл суртлын шалтгаанаар Москва үүнийг яагаад ч зөвшөөрч чадахгүй байлаа.
Хунтайж Фейсал ЗХУ-д айлчлах үедээ Зөвлөлт төрийн ёс төдий тэргүүн “бүх холбооны ахлагч” Михаил Калинин, Засгийн газрын дарга Вячеслав Молотов, Цэргийн болон тэнгисийн хэргийн ардын комиссар Климент Ворошилов нартай уулзжээ. Сталин өөрийг нь хүлээн авч уулзана хэмээн Фейсал тооцоолж байсан ч тэр хүнд ийм цаг зав олдоогүйд Саудын зочин сэтгэл нэлээд дундуур байв. Энэ дипломат таагүй явдал болон даруухан үр дүнг талууд эс тоон айлчлалыг амжилттай болсон хэмээн хүлээн зөвшөөрөв.
Ленинградад хунтайжийг очиход Зөвлөлтөд үйлдвэрлэсэн автомат телефон станц бэлэглэсэн бөгөөд “Огонёк” сэтгүүл 1932 оны зургадугаар сарын 20-ны дугаартаа “Хуучин Туркийнх байсан муж одоо тив хоорондын харилцааны төв болж, Арабын хойгийн худалдааны ач холбогдол жил ирэх тусам нэмэгдэж байна. Арабын хойг дээр тусгаар тогтносон үндэсний улс оршин буй нь олон улсын асар их ач холбогдолтой нь маргашгүй. Энэ улсын Засгийн газрын төлөөлөгч Ибн Саудын хүлээн зөвшөөрсөн гүрний нийслэлд айлчилсан нь Арабын залуу улсын олон улсын харилцааг бэхжүүлэх зорилго агуулж байна” хэмээн тэмдэглэж байжээ.
АРАБААС “АЛЖИР” РУУ
Зөвлөлт-Саудын харилцааны эрчимтэй, амжилттай (бэрхшээлгүй байгаагүй ч гэсэн) хөгжил Дэлхийн II дайны өмнөхөн гэнэт зогсов. Харамсалтай нь, энэ явдал бүхэлдээ Москвагийн буруугаас болсон байна. 1936 оны нэгдүгээр сард Тюрякуловыг ЗХУ руу гэнэт эргүүлэн татаж, оронд нь мөнөөх Хакимовыг дахин томилжээ. Тюрякулов жил хагас Гадаад харилцааны ардын комиссарын газрын нөөцөнд байж байгаад дараа нь Намын төв хороонд очив. Түүнийг Зөвлөлт засгийг унагаах зорилготой “Зөвлөлтийн эсрэг” Пантуркийн хорлон сүйтгэх, алан хядах байгууллагын ажиллагаанд оролцсон” хэмээн буруутгаж гэртээ байхад нь 1937 оны долдугаар сард баривчилжээ.
Түүнчлэн Туркийн талд тагнуул хийж, Пантуркийн талаар ухуулга, сурталчилгаа хийсэн гэсэн ял Тюрякуловт тулгасан байна. Зөвлөлтийн энэ дипломатчид ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллеги 1937 оны арваннэгдүгээр сарын 3-нд буудан хороох ял оноож, тэр өдөр нь гүйцэтгэв. Маргааш нь гэргий Нина Александровнаг нь баривчилж, Казахстанд эх орноосоо урвагчдын гэргий нарын лагерь (“Алжир”)-т ял эдлүүлжээ.
Удалгүй Хакимовт ч ийм тавилан тохиов. Саудын Арабт нэг жил хагас ажиллаад байтал даруй эргэн ир гэсэн шийдвэр 1937 оны есдүгээр сард ирэх нь тэр. Хаан Аль Сауд түүнийг үлдэхийг ятгаж, улс төрийн орогнол олгохыг санал болгосон гэх яриа байдаг. Москва руу яаралтай дуудсан нь сайны ёр биш гэдгийг сайн мэдэж байсан ч Хакимов энэ саналыг хүлээж авсангүй. Үнэхээр ч ЗХУ-д буцаж ирснээр Хакимов сүйрэлтэй тулгарсан байна.
Их алан хядлага ид байсан 1937 оны аравдугаар сарын эцсээр тухайн үед түгээмэл байсан тагнуул хийсэн, хувьсгалын эсрэг үйл ажиллагаанд оролцсон гэж буруутгасан аж. Хакимовыг 1938 оны нэгдүгээр сард буудан хороов. Гэргий, охин хоёрыг нь ч бас хэлмэгдүүлж мөнөөх “Алжир” руу явуулжээ.
Тюрякулов, Хакимов хоёрыг Сталин яагаад хөнөөв, тэднийг урвасан гэдэгт тэрбээр үнэхээр итгэж байсан уу гэх асуулт одоо хэр нь хариултгүй байгаа юм. Тюрякуловын намтрыг бичигч, Казахстаны өнөө цагийн дипломатч, улстөрч Таир
Мансуров дурсахдаа Тюрякулов Саудын Арабт байхдаа Туркийн дипломатчидтай үнэндээ их ойр, тэдний төлөө зүтгэдэг байсан юм билээ гэсэн байдаг. Дипломат албанаасаа өмнө Тюрякулов Бүх Оросын Турк судлаачдын I их хурал Бакуд болоход түүнд идэвхтэй оролцож, латин үсэгт суурилан үндэслэж Туркийн шинэ цагаан толгой зохиолцож байсан аж. Энэ бүхнийг нь бодолцвол 1937 онд тагнуулч гэж сэжиглэх байдал гаарч байсан нөхцөлд Зөвлөлтийн турк гаралтай дипломатчдын үнэнчид эргэлзэх бодол Сталинд төрсөн байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ бүхий л байдлаас үзэхэд энэ хоёр хүн хамтран ажиллагсдынхаа хов живийн золиос болсон байх магадлалтай байдаг.
Үүнийг бид ердөө таамаглахаас цаашгүй ч Тюрякулов, Хакимов хоёрын эмгэнэлт хувь тавилан Зөвлөлтийн Гадаад хэргийн ардын комиссариатын өндөр албаны олон ажилтанд оногдсон юм. 1937-1938 онд тохиосон гадаад бодлогын байгууллагыг хүйс тэмтрэх Сталины үйл ажиллагаа хожмоо ч үргэлжилсэн байдаг.
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Татьяна Зоновагийн тооцоолсноор зөвхөн 1939 онд л Ардын комиссарын таван орлогч, Зөвлөлтийн 48 бүрэн эрхт төлөөлөгч, Гадаад хэргийн ардын комиссариатын хэлтсүүдийн 30 эрхлэгч, консулын газрын 28 тэргүүн, хилийн чанад дахь байгууллага, яамны 140 ажилтан хэлмэгдсэн байна. Дипломатуудыг ийн хэлмэгдүүлсэн нь арми, тагнуулын байгууллагад хоморголон хийсэн цэвэрлэгээний зэрэгцээ их хядлагын ээлжит хэсэг нь байлаа. Дэлхийн II дайны өмнө ЗХУ-ын цэргийн хийгээд Төрийн аппарат бараг бүхэлдээ устгагдсан байсныг хэлэх юун.
САУДЧУУДЫН НЭХЭЛ ХАТУУТАЙ ӨШӨӨ
Аль Сауд хаан тийм ч энэрэнгүй, эвлэрэнгүй үзэлтэн байгаагүй ч Тюрякулов, Хакимов хоёрыг хайр найргүй хөнөөсөн тухай дуулаад ихэд цочирдсон гэдэг. Дотно харилцаатай байсан Зөвлөлтийн дипломатчдыг цаазалсныг тэрбээр өөрт тохиолдсон уй гашуу мэтээр хүлээн авчээ. Тэгээд Москвагаас өөр ямар ч элчийг Саудын хаан хүлээж авахыг хүссэнгүй. Жидд хот дахь Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг 1938 оны дөрөвдүгээр сард хааж, ЗХУ-тай тогтоосон дипломат харилцаагаа ч Саудын Араб таслав. Тус улсын нутагт нефтийн асар их нөөц байгааг мөн онд илрүүлж, түүнийг олборлож боловсруулах эрхийг Аль Сауд америкчуудад найр тавин өгчээ.
Энэ шийдвэр Саудын Арабын ойрын арван жилийн гадаад бодлогыг урьдчилан тодорхойлов. Ийнхүү тус вант улс Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн тууштай холбоотон, энэ бүс нутаг дахь ЗХУ-ын ихээхэн дайсагнагч улс болох нь тэр. 1979 онд Афганистанд Зөвлөлтийн цэргийг оруулснаас хойш саудчууд эндхийн лалын сөрөг хүчнийг идэвхийлэн дэмжих болов. Нефть олборлохыг эрс багасгах шийдвэрийг хаан Фейсал (41 жилийн өмнө Сталин хүлээн авч уулзахаас татгалзсан тэр хүн) гаргаснаар Өрнөдөд нефтийн хямрал өдөөсөн бол 1985 оны есдүгээр сард үүнийхээ эсрэг алхам хийсэн нь ЗХУ-д хүчтэй цохилт боллоо.
Егор Гайдар хожим нь “ЗХУ задарсан хугацаа надад ойлгомжтой. Энэ нь 1991 оны найм, арванхоёрдугаар сар биш, Саудын Араб, нефтийн талаар явуулах бодлогоо эрс өөрчилж, олборлохоо больж, нефтийн зах зээлд эзлэх байр сууриа сэргээхээр шийдсэнээ салбарын сайд нь зарласан 1985 оны есдүгээр сарын 13 байлаа. Нефтийн үнэ барагцаалбал дөрөв дахин унав. Эрчим хүчний эх үүсвэрийг экспортолж олдог орлогоосоо ЗХУ 20 тэрбум доллар алдлаа. Урьдын хэмжээгээр нефть гадаадаас авах боломжгүй байв. Гэтэл нефть импортлохгүйгээр манай улс амь зууж чадахгүй” гэж бичсэн байдаг.
Дашрамд хэлэхэд, Саудын Арабт, ЗХУ-ын дипломат харилцааг ЗХУ задрахаас 23 сарын өмнө 1990 оны нэгдүгээр сарын 17-нд сэргээсэн билээ. Карим Хакимовыг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1956 оны нэгдүгээр сарын 28-нд цагаатгажээ. Яг хоёр жилийн дараа 1958 оны нэгдүгээр сарын 28-нд дээрхтэй ижил шийдвэрээр Назир Тюрякуловыг цагаатгав. Түүний гуч Мадияр Исмаилов 2013 онд Жидд дэх Казахстаны ерөнхий консулын газрыг тэргүүлэх болсон байна.