Н.Энхтүвшин
Энэ сарын 17-ны өдөр АНУ-ын тэргүүн хатагтай асан Барбара Буш 92 насан дээрээ тэнгэрт хальжээ. Тэрбээр АНУ-ын 41 дэхь Ерөнхийлөгч эцэг Жорж Бушийн гэргий байв. Барбара Буш сүүлийн хэдэн жил зүрхний дутагдал, уушигны архаг өвчиндөө багагүй шаналж байсан аж.
Тэрбээр энэ сарын 15-ны өдөр өөрөө бүх эмчилгээнээсээ татгалзан, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг гэр бүлийнхнийхээ дунд өнгөрөхийг хүссэн бөгөөд ердөө 2 өдрийн дараа нас барсан талаар Бушийн гэр бүлийн албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
Барбара Буш нь АНУ-ын тэргүүн хатагтайгаар 1989-1993 онуудад байсан төдийгүй АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч хүү Жорж Бушийн эх нь байлаа. Мөн Флорида мужийн амбан захирагч түүний бага хүү Жэб Буш нь ч гэсэн 2016 онд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үзсэн билээ. Тиймдээ ч америкчууд түүнийг Ерөнхийлөгч нарын ээж гэдэг аж.
Барбара Буш 1925 оны долдугаар сарын 8-нд Нью-Йорк хотод төржээ. Түүний эцэг Марвин Пирс америкийн Redbook, McCall's зэрэг алдартай сэтгүүлүүдийн эзэн байсан бөгөөд 1853-1857 онуудад АНУ-ын Ерөнхийлөгч байсан Франклин Пирсийн үр удам байж.
Харин эх нь Барбараг багад нь машины ослоор нас барсан аж. Ирээдүйн Ерөнхийлөгчтэй Барбара зул сарын баярын үдэшлэг дээр танилцсан гэдэг. Тэгэхэд бүсгүй ердөө 16 настай байжээ. Харин эцэг Жорж Буш тэгэхэд Филлипсийн цэргийн академийн сонсогч байсан байна. Хосууд 1945 оны нэгдүгээр сарын 6-нд гэрлэн хамтдаа 73 жил амьдран зургаан хүүхдийн эцэг эх болжээ.
Барбара Бушийг хамгийн эелдэг, найрсаг тэргүүн хатагтай байсан гэж Цагаан ордны ажилчид ярьдаг аж. Тэргүүн хатагтай байхдаа Барбара Буш олон төрлийн буяны үйл ажиллагаа явуулж байснаас эмзэг бүлгийнхны боловсролын асуудалд маш их анхаарал хандуулж байжээ.
Америкчуудыг номонд дуртай болгох зорилготой түүний байгуулсан “Гэр бүлийн боловсрол” сан одоо ч гэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа аж.