Н.Энхтүвшин
“Эйфелийн цамхагийг очиж үзээгүй байж болох ч түүний тухай сонсоогүй, ядаж зургийн хараагүй хүн бараг байхгүй болов уу. Дэлхийн долоон гайхамшгийн нэгэнд тооцогддог энэхүү өвөрмөц барилга 130 гаруй жилийн түүхтэй билээ. Цамхагийг Францын агуу их хувьсгалын 100 жилийн ойг угтан дэлхийн нийтийн үзэсгэлэн гаргах зорилгоор анх барьжээ. Харин нэрний хувьд гэвэл уг цамхагийг сэдэж инженерийн тооцоог хийн бариулсан Гюстав Эйфелийн нэрээр нэрлэсэн юм.
313 метр өндөр 18038 ширхэг төмөр хийц, 2,5 сая эрэг шурга орсон энэ барилгыг тухайн үедээ асар хурдан хугацаанд буюу 1887 оны 12 дугаар сараас 1889 оны 3 дугаар сарын хооронд барьж дуусгасан гэдэг.
Франц Улсын нэрийн хуудас болсон энэ барилга нь эхэндээ францчуудад огт таалагдаагүй гэнэ лээ. Олон зуун жилийн соёл урлагаараа бахархдаг францчууд сонгодог хэлбэрийн гайхамшигтай барилга байгууламжтай нийслэл хотынх нь төвд “хэлхээтэй араг яс” мэт хэлбэр дүрстэй цамхагийг байрлуулсанд асар ихээр дургүйцэж байжээ.
Соёл урлагийн нэртэй зүтгэлтнүүд болох бага Александр Дюма, Ги Де Моппасан, Шарль Груно зэрэг алдартнууд “энэхүү ямар ч урлаг уран сайхны гоо зүйгүй хэлхээтэй төмрийг” нийслэл хотоос зайлуулах эсвэл нураахыг шаардсан өргөх бичиг хүртэл хотын захиргаанд явуулж байжээ. 20 жилийн дараа буцаж задлах төлөвлөгөөтэй байсан ч энэ нь биеллээ олоогүй билээ. Чухамхүү энэ асуудал яригдаж байх үеэр Париж хотод нэгэн хүн иржээ.
Түүний нэрийг Виктор Люстиг гэх бөлгөө. 1890 онд Чехэд ядуу ч язгууртан гүнгийн гэрт төрж өссөн тул тэрбээр өндөр боловсролтой, таван ч хэлээр чөлөөтэй ярьдаг, маш эелдэг боловсон харьцаатай, хаана ч хэнтэй ч амархан хэл амаа олдог нэгэн байв. Залуу зандан насандаа нэгэн охиноос болсон зодоонд зүүн нүднийхээ булангаас чихний омог хүртлээ хүү татуулсан нарийхан сорвийг нь эс тооцвол хэн ч түүнийг хараад луйварчин гэж хэлэхээргүй нэгэн байлаа.
Гэсэн хэдий ч тэрбээр цаг үеийнхээ агуу луйварчдын нэг ажээ. Дэлхийн нэгдүгээр дайн өмнө Виктор Люстиг Атлантын далайгаар зорчих том том хөлөг онгоцонд хуурамч сугалаа зохион байгуулж түүнээсээ багагүй ашиг олдог байв. Харин дайны дараа доллар хэвэлдэг нэгэн төхөөрөмж зардаг байсан гэдэг.
Тэр төхөөрөмж нь ямар нэгэн шалтгаанаар зарагдсныхаа дараа ажиллахаа больдог байжээ. Тэрбээр луйвраа маш цэвэрхэн хийдэг байсан юм. Хууль хяналтын байгууллага, цагдаагийхан түүнийг олон удаа баривчилсан боловч нотлох баримтгүйн улмаас луйварчин этгээд үргэлж уснаас цэвэрхэн гарч чаддаг байлаа.
Энэ агуу луйварчин Америкийн хамгийн аймшигтай хамгийн муу санаатай гангстер Аль Коппонег хүртэл хууран мэхэлж чадсан билээ. Америк Улсыг айдаст авахуулаад байсан гангстертай нэг орой маш цэвэрхэн хувцасласан нүдэнд дулаахан залуу ирж уулзжээ. Тэрбээр өөрийгөө гүн Виктор Люстиг гэж нэрлээд 50 мянган доллар зээлүүлэхийг гуйсан байна. Гэхдээ зүгээр биш энэ мөнгийг хоёр сарын дотор 2 дахин өсгөн 100 мянга болгоод өгнө гэж амалсан аж.
Виктор ямар нэгэн аргаар Аль Каппонег итгүүлж чаджээ. Тэгээд ч баян гангстерын хувьд 50 мянган доллар юу ч биш байлаа. Люстиг 50 мянган долларыг аваад өөр нэрэээр Чикагогийн банканд хадгалуулаад өөрөө Нью-Йорк яваад өгсөн байна. Тэрбээр уг мөнгийг өсгөх гэж юу ч хийгээгүй билээ.
Тэгээд 2 сарын дараа Чикагод иргэж ирээд банкнаас мөнгөө аван гангстерт буцааж өгөөд “бодсон төлөвлөгөө бүтэлгүйтлээ” гэж хэлээд уучлал гуйх нь тэр. Харин гангстер хариуд нь “Би нэг бол 100 мянган доллар авна нэг бол юу ч авахгүй гэж хүлээж байсан. Харин мөнгийг маань ингээд эргүүлээд өгнө гэж огт бодоогүй шүү. Та их шударга хүн байна. Та хүнд байдалд орсон бололтой ядаж үүнийг ав даа” гэж хэлээд 5 мянган доллар өгчээ.
Энэ 5 мянган долларыг л авна гэж Люстиг тооцоолж байжээ. Аймшигт гангстер хөөрхөн дөнгүүлснээ мэдээгүй өнгөрсөн гэдэг.
Ингээд 1925 оны 5 дугаар сард Люстиг Парижд иржээ. Тэрбээр сониноос алдарт цамхаг засварт орох шаардлагатай болсон бөгөөд энэхүү засварт багагүй мөнгө зарцуулагдах талаар бичснийг олж уншаад толгойд нь нэг бодол орж ирсэн аж. Юуны түрүүнд Люстиг өөрийгөө Харилцаа Холбооны Яамны орлогч сайд гэсэн хуурамч итгэмжлэгдсэн жуух хийж авчээ.
Дараа нь Францын таван том төмрийн худалдаачдад дээрхи байгууллагын орлогч сайдтай тэдгээр хүмүүсийг тусгайлан хаалттай уулзалтанд тэр үеийн Парижын хамгийн үнэтэй зочид буудал болох “Криллон”-д урьж байгаа талаар дурьдсан албан ёсны захидал илгээжээ. Тэдгээр таван худалдаачид асар их сонирхолтойгоор товолсон газар товолсон цагт хүрэлцэн ирсэн нь мэдээж хэрэг.
Таван худалдаачдыг зочид буудлын дээд давхарт тансаг өрөөнд оруулан хуурамч орлогч сайд Люстигтай уулзуулжээ. “Улсын бөгөөд хотын төсөвт Эйфелийн цамхагийн зардал асар өндөр үнэтэй тусаж байна. Энэхүү барилгыг 1889 оны дэлхийн үзэсгэлэнд зориулж түр хугацаатай барьсныг та бүхэн мэдэж байгаа. Тэгээд ч хотын иргэдийн дургүйцлийг багагүй төрүүлсэн. Тиймээс засгийн газар уг цамхагийг буцаж задлаад хаягдал төмөр хэлбэрээр хаалттай дуудлага худалдаанд зарах шийдвэр гаргалаа” хэмээн уулзалтынхаа утга учрыг Люстиг тайлбарлажээ.
Засгийн газрын санал бизнесмэнуудын сонирхолыг татсан тул тэд өөрсдийнхөө тус тусынхаа саналыг орлогч сайдад хэлжээ.
Хэдэн хоногийн дараа тэдгээр таван оролцогчдын нэг болох ноён Пуассонд “засгийн газар таны саналыг сонгож авлаа” гэсэн хариу авав. Гэрээг орлогч сайд В.Люстиг хийх бөгөөд нийт мөнгөн дүнгийнхээ дөрөвний нэг болох 250 мянган франктай мөн л “Криллон” зочид буудалд ирэхийг сануулжээ.
Уг тендэрт ялсандаа ноён Пуассон хязгааргүй баяртай байсан ч эргэлзэх зүйл байлаа. “Яагаад ингэж нууцлаад байна? Яагаад уулзалтууд Яаман дээр биш зочид буудалд явагдаад байгаа юм бэ? Луйвар биш байгаа даа” гэсэн асуултууд гарч иржээ. Ноён Пуассо гэрээн дээр гарын үсэг зурах өдрөө наймаагаа буцах санал өвөрлөн очсон гэдэг. Гэсэн ч Люстигийн нарийн мэдрэмж, гүйлгээ ухаан үүнд саад болсон юм.
Ноён Пуассо Люстигтай хоёр дах удаагаа уулзахдаа орлогч сайдын байдал өөрчлөгдснийг гадарлажээ. Люстиг төрийн албан хаагчийн цалин бага, амьдралд ер хүрэлцдэггүй, тэгээд ч ноён Пуассог тендэрт ялуулах гэж их чармайсан тухайгаа ярин улаан цайм хахууль нэхсэн байна.
Энэ нууцлаг байдал, уулзах газар гээд бүх юм ойлгомжтой болон ноён Пуассогийн эргэлзээ ор мөргүй алга болсон аж. Тэрбээр Люстиг сайдад нилээд хэмжээний бэлэн мөнгө гарт нь атгуулаад дээрээс нь гэрээний урьдчилгаа 250 мянган франкын чек бичин өгчээ. Ноён Пуассо Эйфелийн цамхагийг эзэмших хуурамч гэрчилгээтэйгээ Люстиг хэдэн зуун мянган франктай сэтгэл өндөр салцгаажээ. Люстиг тэр даруй Австри руу явсан аж.
Ноён Пуассо хэдэн долоо хоногийн дараа францын засгийн газар Эйфелийн цамхагийг зарсан талаар ямар ч ойлголтгүй байгааг мэдээд зовж эхэлсэн гэдэг. Удалгүй Харилцаа Холбооны яаманд ямар ч Люстиг нэртэй орлогч сайд, дарга, ажилтан байдаггүйг Пуассо судалж мэдээд мэхлүүлсэнээ ойлгожээ. Гэсэн ч тэрбээр цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Энэ хэрэг олонд дэлгэгдвэл түүний ажил хэрэгч нэр төр түмний доог тохуу болно гэж бодсон аж.
Виктор Люстиг энэ хэргийнхээ талаар анхааралтай ажиглаж байсан ч хэвлэл мэдээллээр ч олны амаар ч янз бүрийн юм дурьдагдсангүй. Амташсан хэрээ арван гурав дахив гэдэг шиг жилийн дараа домогт луйварчин дахин Парисыг зорьсон билээ. Тэрбээр урьдынхаа луйврыг яг давтан нөгөө таван худалдаачны өөр нэгэнд Эйфелийн цамхагийг 350 мянган франкаар хоёр дахиа худалдаж чадсан юм.
Энэ удаа гэнэн худалдаачин дуугуй суухыг хүсээгүй бөгөөд цагдаад мэдэгдсэн тул Люстиг цамхагийг гурав дахь удаагаа зарж амжилгүй Европыг орхин эргэн Америк руугаа буцсан аж.
Виктор Люстик хэмээх энэ ХХ зууны домогт луйварчин 45 өөр нэртэй байсан бөгөөд эцсийн эцэст 1935 онд хуурамч мөнгө үйлдвэрлэсэн хэргээр шүүхээс 20 жилийн ял аваад 1947 онд Сан-Францискогийн ойролцоох Алькатрас шоронд уушигны хатгаагаар нас барсан юм.