Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг АНУ-ын Лос-Анжелес хотод болох зуны олимпын тэмцээний хөтөлбөрт оруулахыг зөвшөөрөв. 2022 онд баталсан хөтөлбөрт боксыг багтаагаагүй юм. Дээрх шийдвэрийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар батлах ч тус холбооны ерөнхийлөгч Томас Бах эцсийн шийдвэр эерэг гарах нь тодорхой хэмээн мэдэгджээ. Засаглал, санхүү, шүүлт, ёс зүйн асуудлуудаас шалтгаалан Олон улсын боксын холбооны эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг ОУОХ 2019 онд гаргаж байв.
Харин одоо олон улсын тэмцээний эрхийг “Дэлхийн бокс” байгууллагад шилжүүлээд буй юм. Тус байгууллагыг 2023 оны дөрөвдүгээр сард байгуулж, одоогоор 84 гишүүнтэй болжээ. Өнгөрсөн сард ОУОХ тус байгууллагыг түр хугацаанд хүлээн зөвшөөрөх гол шаардлагуудыг хангасан гэж үзжээ. “Дэлхийн бокс”-ын ерөнхийлөгч Борис Ван дер Ворст “Бид Олимпын хартийн үнэт зүйлсийг чанд мөрдөж, найдвартай, хариуцлагатай түнш байх болно” хэмээн онцолжээ. ОУОХ-ны зүгээс зөвхөн “Дэлхийн бокс”-ын гишүүн холбоодын тамирчид 2028 оны олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцох боломжтой гэж мэдэгдээд буй. Гэвч одоогоор тэмцээний товыг хараахан зарлаагүй байна.