Сүрьеэгийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх, эмчилгээний аргыг сайжруулах хэрэгтэй талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлэв. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиосон юм. ДЭМБ-аас Монгол Улсыг сүрьеэгийн тархалт өндөртэй 30 орны жагсаалтад 2021 онд оруулсан. Манай улсад өнгөрсөн онд сүрьеэгийн 3000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Нийт тохиолдлын 57 хувь нь Улаанбаатар хотод, 42 хувь нь орон нутагт бүртгэгдсэн аж.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте “Монгол Улс нь сүрьеэгийн өвчлөлийн дарамт ихтэй орнуудын нэг. Сүрьеэгийн өвчлөл 2020 онд 100 000 хүн тутамд 413 байснаа 2023 онд 491 болж, 19 хувиар өссөн. Энэ нь сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатайг харуулж байна. Мөн сүрьеэгийн шалтгаант нас баралт ихэссэн. 2020 онд сүрьеэгийн улмаас 328 хүн эндсэн. 2023 онд 415 хүн энэ өвчнөөс болж нас барсан гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, 2023 оны байдлаар 21 цаг тутамд нэг хүн сүрьеэгийн улмаас эндсэн гэсэн үг. Энэ нь урьдчилсан сэргийлэх үзлэг оношилгоо, эмчилгээний арга барилыг сайжруулах шаардлагатайг харууллаа. Сүрьеэгийн эрт илрүүлэг 20 орчим хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, сүрьеэтэй хүмүүсийн 80 хувь нь халдвар тараасан хэвээр байна. Ялангуяа 25-44 насныхан дунд сүрьеэгээр өвдсөн ч үүнийгээ мэдээгүй тохиолдол их” гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог эрчимжүүлж, эмчилгээний чанарыг сайжруулахаар зорьж байна гэсэн юм. Мөн эдгээр ажилд салбар хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг албаныхан онцоллоо.
А.Үүл