Улаанбаатар хотын нийтийн тээвэрт тусгай замын автобус буюу BRT төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан зураг төсөл боловсруулж буйгаа нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Мөн төслийг иргэдэд ээлтэй байдлаар хэрэгжүүлэх, Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг авах судалгааны ажил үргэлжилж байгаа гэнэ. Уг судалгааг дуусгаж, санхүүжилтийг бүрэн шийдсэний дараа ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийг боловсруулан, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах аж. Эдгээр ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтыг ирэх оны гуравдугаар сард эхлүүлэх гэнэ.
Уг төсөл хэрэгжүүлэх ажлыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн хариуцаж байгаа аж. Төслийн ахлах инженер Ж.Лхагвадорж “Төсөл хэрэгжүүлэх явцад газар доорх инженерийн шугам сүлжээний асуудалтай нүүр тулгарна. Ялангуяа III, IV хороолол, Сансарын туннел орчмын автобусны замын эгнээнд инженерийн шугам сүлжээ их бий. Иймд шугам сүлжээг туннелийн системээр шилжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банканд тавиад байна. Энэ ажлыг хэрэгжүүлж чадвал автобусны буудал доогуурх шугам сүлжээ гэмтэхэд тухайн орчныг сүйтгэхгүйгээр, хөдөлгөөнд саад болохгүйгээр засвар, үйлчилгээ хийх боломж бүрдэнэ” гэлээ.
Тусгай замын автобусны төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу хэрэгжүүлэх бөгөөд 20 зогсоолтой байхаар урьдчилсан төлөвлөлт гаргажээ.
Ч.Зул