Төрийн аудитын байгууллагаас “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулав. Таван жилийн үндсэн чиглэлийг есөн бодлого, зорилгын хүрээнд 47 зорилт, 243 арга хэмжээтэй хэрэгжүүлэхээр баталжээ. Мөн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан нийт 150 төсөл, арга хэмжээний, ТЭЗҮ зураг төсөл боловсруулах шаардлагатай 98, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай 88 төсөл, арга хэмжээний жагсаалтыг тус тус баталсан байна. Гэвч хэрэгжүүлэхээр тусгасан 243 арга хэмжээнээс 108 нь шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингүй байгаа нь хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж аудитын дүгнэлтэд дурджээ. Тодруулбал, аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, дүнд үндэслэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” 67.7 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэв. Мөн үндсэн чиглэлийг хууль тогтоомжид заасан шаардлагын дагуу боловсруулаагүй нь төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжихгүй байхад нөлөөлсөн гэжээ. Улмаар гүйцэтгэлийг бодитой үнэлэхэд хүндрэл учруулж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжилд үзүүлэх үр нөлөөг бууруулсныг танилцуулсан юм.
Түүнчлэн Монгол Улсыг хөгжүүлэхээр тодорхойлсон зорилго, зорилт, арга хэмжээний хүрээнд 2021-2024 онд нийт 21.7 их наяд төгрөг зарцуулсан ч нийгэм, эдийн засагт ямар эерэг өөрчлөлт бий болсон нь тодорхойлогдохгүй байгааг дүгнэлтэд онцоллоо. Аудитын дүгнэлтэд үндэслэн Үндэсний аудитын газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээнд хууль, журам, аргачлалд заасны дагуу судалгаа, тооцоо, үнэлгээг иж бүрэн хийх зөвлөмж хүргүүлсэн байна.
Ч.Болор