Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 12, 14, 16, 18 насныхны “Болд төмөр Ерөө гол” багийнхан хоккейн нас тус бүрийн ангилалд хүчтэй өрсөлддөг. Дотоодын томоохон тэмцээнд орон нутгаас оролцдог багуудаас медальтай буцдаг нь ховор. Тэгвэл тус аймгийн хоккейчид сумынхаа мөсөн талбайд бэлтгэл сургуулилалт сайтар базааж, тоглолт бүрээс шагнал гарддаг. Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадмын хоккейн тэмцээнд өрсөлдсөн 12 хүртэлх насныхны багийн ахлагч Б.Энхболдыг энэ удаа “Шинэ танил” буланд онцоллоо.
-Хоккейн спортод хэрхэн татагдаж, хичээллэсэн тухайгаа сонирхуулаач.
-Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 6а ангид сурдаг. Сумынхаа хоккейн 12 хүртэлх насныхны “Болд төмөр Ерөө гол” багт довтлогчоор тоглодог. Миний хамгийн дуртай спорт бол хоккей. Зургаан настай байхдаа мөсөн талбайд тоглох ах нарыгаа хараад энэ спортоор хичээллэх хүсэл төрсөн юм. Тэдний тэмцээний үед гаргаж буй ур чадвар, туршлага, бас медалийн төлөө ширүүхэн өрсөлдөж, мөргөлдөн зодолдох нь хүртэл сонирхол татсан. Хүүхдийн өвлийн спортын VIII наадамд багийнхантайгаа анх удаа оролцлоо. Манайхантай учраа таарсан багууд маш хүчтэй өрсөлдсөн. Бид Орос III сургуулийн багийг 11:4-өөр хожсон ч дараагийнхаа тоглолтод Багануур дүүргийн багт хожигдсон. Дархан-Уул аймгийн багтай тоглохын өмнө багш надад “Багаа ахалж, сайн удирд. Аль болох урагшилж довтлоорой”, харин нөхдөд минь “Нэгнээ мэдэрч, сандарч, тэвдэлгүй тоглоорой” гэж зөвлөсөн.
-Тэмцээнд нөхдөө хожилд хөтлөхөд хаалгач багагүй нөлөөлдөг. Багийн тань хаалгач хэр ур чадвартай вэ?
-Манай багийн хаалгачийг Хишигбаяр гэдэг. Тэрбээр олон тоглолтод эсрэг багийн гоолыг оруулалгүй хаалгаа маш сайн хамгаалсан. Хоккейн тэмцээнд хаалгач гол үүрэг гүйцэтгэдэг. Хаалгач гоол оруулахгүй хамгаалахаас тухайн баг тоглолтод хожих, эсэх нь шалтгаалдаг юм.
-Тамирчид дугаар сонгохдоо ихээхэн ач холбогдол өгдөг. 15 дугаар танд хэр олон хожил авчрав?
-Миний хувьд 13, 15 дугаартай тоглодог. Хоккейчид өөртөө ээлтэй тоо, мөн шүтэн биширдэг алдартай тамирчин шигээ эрч хүчтэй, дайчин, зоримог тоглохыг бэлгэдэж дугаараа сонгодог. Тухайн тоглогчийг дугаар нь алдар нэр, амжилтад хөтөлдөг болохоор хүндэтгэлтэй хандаж, бэлгэшээдэг юм. Би ч гэсэн тэдэнтэй адил энэ дугаартаа хайртай. 13 дугаар надад мөн ч олон хожил авчирсан. Дархан-Уул аймагт өнгөрсөн жил болсон өсвөр үеийнхний УАШТ-д багийнхантайгаа оролцохдоо “Шилдэг тоглогч”-оор шалгарч байлаа. Үүнээс гадна цомын болон клубүүдийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль цөөнгүй хүртсэн. Тэмцээнээс тэмцээнд оролцох тусам бид туршлага хуримтлуулсаар байна. Хоккей хурдтай, шийдэмгий тоглохыг шаарддаг. Манайхан сүүлийн үед хурдтай тоглоход анхаарал хандуулж байгаа.
-Ямар ч тоглолтод ялалт байгуулахад дасгалжуулагч багшийнх нь бэлтгэл хийлгэх арга барил, багийн тамирчдын эв нэгдэл, зорилго их нөлөөлдөг юм билээ.
-Тухайн багийн уур амьсгалаас тоглолтын хувь заяа, ялалт, ялагдал гээд олон зүйл шалтгаалдаг. Тиймээс бид эвтэй, нэг санаа, нэгдмэл зорилготой байхыг эрхэмлэдэг. Багш минь бэлтгэл хийлгэхдээ энэ талаар байнга зөвлөдөг юм. Манай ангийн таван хөвгүүн нэг багт тоглодог. Бид нэгийнхээ тоглох арга барил, техник, зан чанарын онцлогийг мэддэг болохоор тэмцээнд алдаа бараг гаргадаггүй. Биднийг сургуулийн захирал, багш нар дэмждэг тул тоглолттой үед хичээлээс чөлөөлж оролцуулдаг юм. Би гэрийнхнээсээ ганцаараа хоккей тоглодог. Аав, ээж минь хоккейгоор хичээллэсэн анхны өдрөөс өнөөг хүртэл дэмжиж, урам хайрлаж ирсэн. Энэ ташрамд, “Биднийг ойлгож дэмждэг сургуулийн удирдлага, багш нартаа, мөн тэмцээнд ивээн тэтгэж оролцуулсан байгууллагын хамт олон, гэр бүл, ангийн нөхдөдөө баярлалаа” гэж хэлье.