Энэ он гарснаас хойш нийслэл байнга л өмхий үнэртэй байлаа. Өчигдөр л гэхэд Улаанбаатарын төв болон баруун хэсгээр өмхий үнэр тархав. Иргэдийн зарим нь “Хүхрийн үнэр байна” гэсэн бол нөгөө хэсэг нь “Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр ханхаллаа” гэх зэргээр таамаглал дэвшүүлсэн юм. Ялангуяа Саппоро, Урт цагаан, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байршилд өмхий үнэр байнга шахам ханхалж буйг иргэд хэлэх болов. Үүнээс үүдэн цонхоо онгойлгох боломжгүйд хүрч, амны хаалт хэрэглэж буй аж. Эхэндээ хотын зах хэсэг болон цэвэрлэх байгууламжтай ойр байршилд л үнэртдэг байсан бол өдгөө хотын төвд ч ханхлах болж. Үүнээс шалтгаалан хүмүүст толгой эргэх, өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч буй гэнэ. Гэтэл холбогдох албаныхан нь эл үнэр юунаас үүдэлтэй талаар огт мэдээлэл өгдөггүй. Түүгээр ч зогсохгүй “Энэ тийм чухал асуудал уу” хэмээн цааргалж байна.
Иргэд юунаас гарсан нь ч мэдэгдэхгүй өмхий агаараар амьсгалж байхад албаныхан хэдий болтол хэлгүй, дүлий, хамаргүй юм шиг байх вэ. Ганц үг ган хийхгүй атлаа асуудлыг үргэлж бие бие рүүгээ чихээд л өнгөрдөг жишиг манайд хэдийн тогтсон. Энэ удаад ч бас хотын өмхий үнэрийг арилгах талаар ярих хүн олдсонгүй.
“Нийслэлд тархсан өмхий үнэр агаарын бохирдолтой холбоогүй”
Ямар шалтгааны улмаас Улаанбаатарт өмхий үнэртээд буй талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхнаас тодруулахад “Одоогоор манайд ямар нэгэн гомдол, мэдээлэл ирээгүй” гэсэн хариулт өгөв. Харин Ус сувгийн удирдах газрынхан “Бохир усны шугам, хоолой задраагүй, цэвэрлэх байгууламж хэвийн ажиллаж байна” гэлээ.
Гэтэл Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны бохирдлын хэлтсийнхэн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 19 байршилд агаарын чанарын хяналт шинжилгээг 24 цагийн турш тасралтгүй хийж байна. Сүүлийн үед нийслэлд тархсан өмхий үнэр агаарын бохирдолтой ямар нэгэн холбоогүй. Тухайлбал, энэ сарын 18-ны байдлаар суурин харуулуудын мэдээллийг харахад хүхэрлэг хий шоо метрт 16-102 микрограмм хэмжээтэй илэрлээ. Толгойт орчимд хамгийн өндөр бохирдолтой буюу агаарын чанарын стандартаас хоёр дахин их байв. Азотын давхар ислийн хувьд 18-136 микрограмм байна. Нэгдүгээр хороолол орчимд бохирдол их буюу агаарын чанарын стандартаас 2.7 дахин өндөр гэх хяналт шинжилгээний дүн гарсан. Энэ нь өвлийн ид бохирдолтой байх үеийнхтэй харьцуулбал нэлээд буурсан үзүүлэлт юм. Ер нь бохирдолгүй болсон гэж ойлгож болно. Тэгэхээр эл үнэр агаарын бохирдолтой хамаагүй, цэвэрлэх байгууламжийнх байх магадлалтай. Улаанбаатар хотод баруун болон баруун хойноос чиглэлтэй салхилах үед Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр үнэртэх нь түгээмэл” гэлээ.
Ташрамд дурдахад, 2024 оны нэгдүгээр сард нийслэлд угаарын хийтэй төстэй үнэр тархаж, иргэдийн дотор муухайрах, толгой өвдөх шинж тэмдэг илэрч байв. Тухайн үед автомашины тос, тосол ил задгай асгасантай холбоотой үнэр гарсан гэж албаныхан мэдэгдсэн билээ. Үүний дараа гуравдугаар сард ч бас өмхий үнэр тархсан ч холбогдох байгууллагынхан нь “Хаанаас гарсныг нь мэдэхгүй байна” гээд л өнгөрч байв.
Тусгайлан хэмждэг багаж байхгүй
Хүрээлэн буй орчин, гэрэл, дуу чимээний бохирдол зэрэг нь дэлхий нийтэд тулгамдаад буй асуудал. Харин эдгээрийн араас үнэрийн бохирдол жагсаж байна. Орчин үед үнэрийг хэмжих, үнэлэх судалгаанд техник, технологийн дэвшлийг илүүтэй ашиглах болжээ. Үнэр хэмжигч төхөөрөмжүүдээс олон улсад хамгийн эрэлттэй нь Olfasense TO-Series нэртэй ольфактометр аж. Уг төхөөрөмжийг шинжлэх ухаан, технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг олон жилийн практик туршлагатай хослуулж, лабораторид зориулан тусгайлан бүтээснээрээ онцлогтой гэнэ. Агаарт тархсан үнэрт бодисыг таних, концентрац буюу хэмжээ, найрлагыг нь тогтооход үүнийг ашигладаг аж. Дээрх төхөөрөмж нь үнэрийг хамгийн өндөр түвшинд, нарийвчлан тодорхойлоход тусалдаг юм байна. Түүнчлэн авсаархан хэмжээтэй, зөөвөрлөх боломжтой, хариу, үр дүн нь хурдан гардгаараа давуу талтай. Мөн өөр хоорондоо маш төстэй үнэрүүдийн хольцыг ч ялгах боломжтой. Олон улсад ийм төхөөрөмж ашигладаг бол харамсалтай нь манайд үнэрийг тусгайлан хэмжиж тогтоох багаж, тоног төхөөрөмж байдаггүй гэнэ. Тиймээс л албаныхан суурин харуулуудын дүн болон холбогдох газруудын шинжилгээнд тулгуурлан хотод зарим өдөр ихээр тархсан үнэр нь цэвэрлэх байгууламжаас гарч байж магадгүй гэж таамаглахаас хэтэрдэггүй бололтой.
Харин Төв цэвэрлэх байгууламжийнхан “Бид хоногт ойролцоогоор 120 мянган шоо метр усыг цэвэршүүлдэг. Хэдийгээр ачаалал их байгаа ч цэвэрлэх байгууламжийн үнэр Улаанбаатар хот даяар тархах боломжгүй” гэсэн юм.
Төв цэвэрлэх байгууламжийг анх 1964 онд хоногт 45 мянган шоо метр ахуйн бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтайгаар ашиглалтад оруулжээ. 1977-1986 онд гурван удаа өргөтгөн, хоногт 230 мянган шоо метр болтол нэмэгдүүлсэн аж. Гэсэн ч хүлээн авч буй бохирдлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж, зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх болжээ. Өөрөөр хэлбэл, бохирдлын хэмжээ стандартаас 2-4 дахин өндөр, ачаалал их байгаа аж. Тиймээс Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Тухайн үед барилгын ажлыг 2024 онд дуусгаж, ашиглалтад оруулна гэдгийг албаныхан хэлж байв. Гэвч одоо болтол ашиглалтад оруулаагүй л байна.
“Эх үүсвэрийг тодорхойлоогүй учраас эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэйг нь хэлэх боломжгүй”
Таагүй үнэрийг хэт удаан хугацаанд үнэрлэснээр толгой өвдөх, дотор муухайрч, хоолны дуршил буурах шинж тэмдэг түгээмэл илэрдэг юм байна. Иймд өмхий агаараар амьсгалах нь хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй, НЭМҮТ-ийнхөн үүнд хэрхэн анхаарч буйг тодруулахад “Сүүлийн хэд хоног нийслэлд өмхий үнэр тархаад буй талаар иргэд цахим хуудсандаа нэлээд бичжээ. Үүний мөрөөр бид холбогдох байгууллагынхнаас тодрууллаа. Ингэхдээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв, нийслэлийн Онцгой байдлын газар, Төв цэвэрлэх байгууламж, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төв зэрэг байгууллагынхантай холбогдоход шугам хоолой задарсан асуудлаар ямар нэгэн мэдээлэл бүртгэгдээгүй. Үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн. Шуурхай удирдлага зохицуулалтын төвд гуравдугаар сарын 14-нд Яармаг орчимд бохирын хоолой задарсан тухай мэдээлэл ирсэн юм билээ. Гэхдээ тухайн өдрөө хариу арга хэмжээ авсан учраас одоо ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гэсэн. Эл үнэрийг тодорхойлохоор нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран ажиллаж байгаа. Үнэрийн эх үүсвэрийг одоогоор тодорхойлоогүй учраас эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Ямар ч мэдээлэл бүртгэгдээгүй гэв
Уг үнэр чухам хаанаас гарч байгаа талаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийнхнөөс лавлахад “Манай төв иргэдийн санал гомдлыг хүлээн авч шуурхай арга хэмжээ авч ажилладаг. Одоогоор манайд өмхий үнэр гарсан талаар ямар ч мэдээлэл бүртгэгдээгүй” гэв.
Гэр хороололд амьдардаг айлуудын дийлэнх нь нүхэн жорлон ашигладаг. Үүнээс гадна дөрвөн улирлын туршид гэр хорооллын иргэд өтгөн, шингэн, угаадас, элдэв хог хаягдлаа нийтийн эзэмшлийн гудамж, талбай, үерийн далан, гол руу асгах нь түгээмэл. Тэр дундаа өвөл асгасан угаадас нь хөлдөж, түүн дээрээ халтирахгүйн тулд нэмж үнс цацдаг байсан үе саяхан. Тиймээс зарим хүн эл үнэр гэр хорооллын айлуудын бохироос гарсан байх магадлалтай хэмээн таамаглаж буй. ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын дарга Ө.Ганзоригоос өдгөө тархаад буй эл үнэр хөрсний бохирдлоос үүдэлтэй байх магадлалтай, эсэхийг тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 144 мянган нүхэн жорлон бий. Нэгж талбараар нь хэмжээд үзвэл 200 мянга орчим айл гэр хороололд амьдарч байна. Мөн нийслэлийн салхин талд Төв цэвэрлэх байгууламж байрладаг. Эл байгууллага ойролцоогоор 400-500 мянган айлын бохирдол хүлээн авдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж их хэмжээний үнэр ялгаруулна. Ер нь хог хаягдал, нүхэн жорлон, Төв цэвэрлэх байгууламж гэх мэтээс эхлээд хөрс бохирдуулах олон хүчин зүйл бий. Эдгээрээс шалтгаалаад таагүй үнэр ханхлах магадлалтай” гэсэн юм.
У.Цэцэгсүрэн