Энэ он гарснаас хойш ахуйн гал түймрийн 992 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн нас баржээ. Тэдний тав нь хүүхэд байж. Харин таван иргэн түлэгдсэний гурав нь хүүхэд аж. Онцгой байдлын алба хаагчид гал түймрээс зургаан иргэний амь аварч, утаажилтын бүсээс 674 хүнийг гаргасан байна. Сүүлийн үед ой, хээрийн болон ахуйн түймрийн дуудлага нэмэгдэж буйг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүллээ. Нэг хоногт ахуйн галын 10 гаруй дуудлага бүртгэгджээ. Нийслэлд Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Баянзүрх, Налайх дүүрэгт айлын гэр, хашаа, байшин, хог шатсан дуудлага ирсэн байна. Тухайлбал, Багануур дүүргийн V хороонд иргэн Ч-гийн эзэмшлийн чацарганы нэг га талбайд шар өвс шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн Завхан, Дундговь, Өмнөговь аймагт байшингийн дээвэр, хашаа, хог шатсан дуудлага бүртгэгдсэн гэнэ.
Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар таван аймгийн 15 суманд 18 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд уржигдар хээрийн түймэр гарч, хоёр га талбай шатсан нь дуудлагын тоог нэгээр нэмжээ. Түймрийн өндөр эрсдэлтэй үе эхэлж буйг онцгой байдлын байгууллагаас сануулав. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ныг эрсдэлтэй үе гэж тооцдог. Тиймээс иргэдийг ой, хээрийн түймэр гаргахаас болгоомжилж, урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Мөн хээр хаясан асаагуур болон шил нь гал гаргах эрсдэлтэйг анхааруулсан юм.
Ч.Туяа