Дэлхийн аз жаргалын өдөр өчигдөр (03-30) тохиолоо. Олон улсын судалгааны “Gallup” байгууллагаас Оксфордын их сургуулийн Сайн сайхан байдлын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээтэй хамтран жил бүрийн энэ өдөр “Дэлхийн аз жаргалын тайлан”-г танилцуулдаг уламжлалтай. Энэ оны тайланд 147 орныг хамруулахад Монгол Улс 77 дугаарт эрэмбэлэгджээ. Манай улс өнгөрсөн онд ч энэ байрт эрэмбэлэгдсэн бөгөөд аз жаргалын үзүүлэлт ахиагүй, бас буураагүй гэсэн үг. Харин дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Финланд дахин шалгарчээ. Тус улс найм дахь жилдээ буюу 2018 оноос хойш эл эрэмбийг тасралтгүй тэргүүлж буй юм. Дараагийн байруудад Дани, Исланд, Швед, Нидерланд улс бичигджээ. Харин жагсаалтын сүүлийг Ливан, Сьерра-Леоне, Афганистан улс мушгисан байна.
Аз жаргалын индексийг тооцохдоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн дэмжлэг, эрүүл аж төрөх боломж, сонголт хийх эрх чөлөө, авлига зэрэг найман үзүүлэлтэд тулгуурлан, нийт найман оноогоор үнэлдэг. Эрэмбийг тэргүүлсэн Финланд улс энэ онд 7.736, хамгийн сүүлд жагссан Афганистан 1.364 оноо авчээ. Тэгвэл Монгол 5.833 оноотой байна. Манай улс авлига, эрүүл аж төрөх боломжийн үзүүлэлтээр хамгийн бага оноогоор үнэлэгдсэн аж.
М.Оч