Засгийн газрын шийдвэрийн дагуу Э.Баттулга Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа. Э.Баттулга нь газарзүйч мэргэжилтэй, төрийн албанд 23 жил, үүнээс удирдах албанд 19 жил ажилласан туршлагатай. Сүүлийн 5 жилд УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
Тус агентлаг нь Нислэгийн цаг уурын төв, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн гэсэн 3 салбар байгууллага, аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд гэсэн 22 харьяа байгууллагатай юм байна.
Цаг уур, орчны шинжилгээний газар нь Монгол орны ус, цаг агаар, уур амьсгал, орчны нөөц, төлөв байдал, чанарт байнгын хяналт шинжилгээ хийж, байгаль, цаг агаарын болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлж, нийгэм, эдийн засагт учруулах хохирлыг багасгах, улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах үндсэн чиг үүрэгтэй.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан боловч шаардлага хангасан нэр дэвшигчгүйгээс шалтгаалан 2023 оноос хойш тус агентлагийг түр орлон гүйцэтгэгч удирдаж байсан аж.