“Сайн байна уу, CU-д тавтай морил”, “Сайн байна уу, GS-д тавтай морил” хэмээн эелдгээр угтах залуусын мэндчилгээнээс орон хотын маань орчин цагийн соёл, хэв маяг үнэртээд дасал болж. Эхэндээ нэрэлхэж, санаа зовмоор юм шиг байснаа аажмаар нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой залуусын энэ л танил дотно мэндчилгээг үгүйлдэг болсон байна.
Өглөө ажилдаа яаран ирж яваа хэн нэгэнд, орой ажлаасаа ядруухан харьж яваа хэн нэгэнд, өдөр хичээлээ тараад амсхийж суугаа хэн нэгэнд, үдэш хэн нэгнийг хэрэг болгон хүлээж жиндүүхэн зогсоо нэгэнд энэ үгс тэндхийн халуун кофе, мөстэй цайтай адил хань болдог. Энэ амьд үгс, амьд харилцаа зарим нэгэнд маань тэр өдрийн урам болдог ч байж мэднэ.
Кофены үнэр шиг автуулах энэхүү үйлчилгээний соёл илүү олон газарт түгэн дэлгэрээсэй билээ. Харамсалтай нь, GS25, CU-гийн зарим салбарт сүүлийн үед энэ сайхан соёл нь алдагдаад эхэлж. Тэгэхээр тэндээс авсан кофены амт хүртэл нэг л сул санагдаад тохигүй. “Сайн байна уу, CU-д тавтай морил” хэмээн үйлчлүүлэгч нэг бүрээ хүндлэн мэндлэх энэ соёлыг одоо бид ингэж үгүйлэх хэмжээнд хүртэл нь нутагшуулсан учраас тэр шүү дээ. Өөрсдөө ядаж “нэвтрүүлсэн” соёлоосоо ухармааргүй байна.
Монголчуудын мэндлэх, хүндлэх ёсон гэж томоохон соёл бий. Гэхдээ орчин цагийн хотод, үйлчилгээний соёл хийгээд стандартад тэр нь хэрхэн буусан нь ойлгомжгүй талдаа. “Инээж чадахгүй бол дэлгүүр битгий нээ” гэдгийг мэддэг ч Монголд өдөр бүр, цаг, минут тутамд орж гарах үйлчлүүлэгч нэг бүртэй инээмсэглэн мэндчилдэг газар гэвэл алдаг оног.
Нийтийн сэтгэл зүйд ямар хүмүүс урт удаан, аз жаргалтай амьдардаг вэ гэхээр олон нийтийн дунд эерэг харилцаа хандлагатай хүмүүс гэж үздэг. Тодруулбал, хөршүүдтэйгээ ойр дотно байдаг, хажуу дэлгүүрийнхээ худалдагчтай ойр зуурын яриа өрнүүлчихдэг, үүдний жижүүр, манаачийнхаа мэнд усыг асууж, тэдэнд санаа тавьдаг хүмүүс. Тэд өөрсдөө ч тийм хүмүүсээр хүрээлүүлдэг гэнэ. Тэгэхээр мэндлэх хүндлэх соёлын стандарт, бэлэн жишээ болсон дээрх байгууллагууд үйлчилгээний тогтсон соёлоо “монголчилж” алдаг оног болгохгүй, түгээн дэлгэрүүлж, бусад нь үлгэрлэн хэрэгжүүлмээр байна.
Л.Аргамжин