УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Бөөр шилүүлэн суулгах багын түүх болон зохион байгуулалтын талаар Бөөр шилжүүлэн суулгах албаны зөвлөх эмч Д.Нямсүрэн “Бөөр шилжүүлэн суулгах анхны мэс ажилбарыг 1996 онд хийж байсан боловч амжилт муутай болсон. Ингээд 10 жилийн хугацаанд боловсон хүчээ сайн бэлтгэж, 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг маш амжилттай хийж эхэлсэн. Үүнээс хойш 400 орчим мэс ажилбарыг хийсэн.
Мөн өнөөдрийн бөөрний амьгүй донор хүлээж байгаа 700 орчим иргэн байна. Амьгүй донор олох ажлыг явуулахад П.Батчулуун эмч онцгой хувь нэмэр оруулсан хүн. 2018 онд эд эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулагдаж, үүнээс хойш амьгүй донороос элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбар эрчимтэй хөгжсөн. Тухайн албыг хөгжихөд П.Батчулуун эмчийн хувь нэмэр үнэлэхийн аргагүй асар их. Хүний амыг аврахын төлөө уйгагүй зүтгэж байсан эмчээ ял авч байгаад үнэхээр харамсаж байна. Эмчийн гэм буруутай эсэх нь үнэн зөв шийдвэрлэгдэж, удахгүй дээд шүүх гэм буруугүй гэдгийг нь тогтоох байх гэсэн хүлээлт байна” гэх мэдээллийг өглөө.
Гавьяат эмч Л.Жамбалжав “Эд эрхтэн нь өвчингүй амьгүй донор олно гэдэг амаргүй ажил. Энэ ажлыг ганц сайн зохион байгуулдаг эмч маань ял авч байгаад харамсаж байна. Өөрөөр хэлбэл, Батчулуун эмч олон хүмүүст амьдрал бэлэглэх ажлыг голлон гүйцэтгэж байсан гэхэд хилсдэхгүй биз.
Амьгүй донор олдлоо гэхэд ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авна, тэдэнтэй ойлголцох гэдэг бол хамгийн чухал ажил. 2008 онд 28 настай эмэгтэй “Пад пад” трактороос дагзаараа савж унаж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж тархи нь бяцарч эмчилгээгүй гэсэн онош тогтоогдсон. Энэ мэдээг Гэмтлийн эмнэлгээс бидэн рүү ярьж дуулгасан. Энэ мэдээг сонсоод ар гэрийнхэн хоёр залуутай уулзаж, амьгүй донор болж хоёр хүний амыг аварч байсан анхны тохиолдол болж байв. Ингэж л эмч нар бид нар хүний амыг аврах ажлыг хийж байна.
Хөгжилтэй орнуудад эд, эрхтний донор олох ажлыг төрийн бус байгууллагынхан зохион байгуулдаг. Харин манай улсад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд дэх Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах алба байгуулагдсан. Энэ байгууллагын төлөө П.Батчулуун эмч манлайлан ажиллаж байв. Тэгэхээр амьгүй донорыг олох ажлыг хийж байгаа эмч нар хагалгаад орж байгаа эмч, өвчинтэй ямар ч холбоо хамааралгүй. Зөвхөн амьгүй донор олох ажлаа хийдэг гэсэн үг” гэв.