Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлсэн дүн шинжилгээнийхээ талаар өчигдөр танилцууллаа.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 23 дугаар илтгэлийн мөрөөр батлагдсан энэхүү тогтоолын дагуу цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмэхээр болсон билээ. Үүний дотор бүтэн өнчин хүүхдийн тэтгэврийн доод хэмжээг энэ онд зургаан хувиар нэмэгдүүлж, 397.5 мянган төгрөгт хүргэжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, асаргаа шаардлагатай иргэнд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлсэн аж. Гэвч уг мөнгөн тэтгэмжид хамрагдаагүй, авч чадаагүй олон хүн байгааг ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир хэллээ. Тэрбээр “УИХ-ын 37 дугаар тогтоолд есөн асуудлаар 28 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний нэг нь нийгмийн халамжийн хууль тогтоомж юм. 18 хүртэлх насны хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох ёстой атал эрх нь үүсээгүй олон хүүхэд байна. Тиймээс бид зохих шаардлага, зөвлөмжийг Нийгмийн халамжийн санд хүргүүлсний дагуу хүүхдүүдэд тэтгэмжийг нь олгохоор ажиллаж эхэлсэн. Мөн хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийн бүртгэл, тоон мэдээллүүд зөрүүтэй байсан тул холбогдох байгууллагуудад энэ талаарх мэдэгдэл хүргүүлсэн” гэв.
ХЭҮК-ынхон 37 дугаар тогтоолд тусгасан 28 арга хэмжээг үнэлээд дөрвийг нь бүрэн хэрэгжүүлсэн, ес нь тодорхой үр дүнд хүрсэн, арав нь эхлэл төдий, гурвыг нь огт хэрэгжүүлээгүйг тогтоожээ. Нийтэд нь дүгнэвэл тогтоолын хэрэгжилт 51 хувьтай буюу хангалтгүй, эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
М.Гэгээ