Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр Осакагийн Азийн кино наадмын шилдэг жүжигчнээр шалгарлаа. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны гол дүрээрээ тэрбээр энэхүү шагналыг хүртсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс түүнийг “Кино урлагийн ертөнцөд гүн гүнзгий шингэсэн. Мөн хэнэггүй, тайван эр хүний зан чанарыг харуулсан. Тэрбээр нам гүм боловч харанхуй ертөнц дэх дотоод мэдрэмжээ илэрхийлжээ. Ингэхдээ дүрийнхээ нарийн төвөгтэй байдал, ганцаардлыг бүрэн ойлгосон байна” хэмээн тодотгожээ. Сонирхуулахад, А.Түвшинбаяр нь 21 дэх удаагийн Сөүлийн гоцлол бүжигчдийн олон улсын уралдааны үндэсний бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм.
“Чимээгүй хотын жолооч” бүтээлийг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард нээсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн шагнал хүртсэн. Тухайлбал, Эстонийн Таллин хотод зохион байгуулсан, А зэрэглэлийн “Хар шөнө” кино наадмаас гран при болон шилдэг зураачийн шагнал хүртэж байв. Мөн “Asian movie pulse” сайтаас нэрлэсэн, Азийн шилдэг 30 киноны нэгт багтаж байлаа. Ташрамд дурдахад, найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Худалдагч охин” киноны гол дүрд тоглосон Б.Баярцэцэг 2022 онд Осакагийн наадмын шилдэг жүжигчний шагнал хүртэж байсан билээ.
А.Үүл