Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг өчигдөр баталлаа. Үүний хүрээнд нийслэлийн гэр хорооллын 50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв. Ингэхдээ айл тус бүрд 100 мянган төгрөгийн татаасыг татвар төлөгчдийн мөнгөнөөс олгоно гэсэн нь олон нийтийг бухимдууллаа. Үүнтэй холбоотойгоор тэрбээр “Нийслэлд 200 мянган айл нүүрс түлж байна. Эхний ээлжид 50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөсөн. Халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд эдгээр айлд 100 мянган төгрөгийн татаас олгоно” хэмээн мэдээлсэн юм. Энэ дүнгээр тооцож үзвэл хотын гэр хорооллын айлуудын 20 хувийг нь татвар төлөгчдийн таван тэрбум төгрөгөөр “халамжилна” гэсэн үг болж таарлаа.
Үүнээс өмнө хотын удирдлагууд гэр хорооллын 32 мянган айлд 28 орчим тэрбум төгрөгөөр зуух тараахаар шийдвэрлэж байв. Агаарын бохирдлыг бууруулахын тулд санаачилсан ажил нь ердөө л зуух тараах байсан хэрэг. Харин энэ удаад хийн түлш хэмээн ярих болов. Эрх баригчид утааг бууруулах нэрээр янз бүрийн төсөл, хөтөлбөр санаачилж “бизнес хийж” ирсэн ч агаарын бохирдол арилаагүйг бид мэднэ. Яг ийм аргаар хотын удирдлагууд хийн түлшний гэх шинэ “бизнес” эхлүүлэх, улмаар төсвийн хөрөнгийг үрэн таран хийх нь үү гэсэн хардлага эндээс төрөх боллоо.
М.Оч