УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн хамтрагч Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн баасан болон энэ сарын 17-ны даваа гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. Ингэхдээ Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг дахин цагаатгах тогтоол гаргалаа. Уг нь тэдэнд холбогдох хэргийг 2023 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд цагаатгаж байсан юм. Уг тогтоолыг нь НПГ-аас эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэн шийдвэрлэх болсон билээ. Өөрөөр хэлбэл, тухайн үед анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолтой санал нийлэхгүйгээ прокуророос гадна хохирогч “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийнхан, иргэний нэхэмжлэгч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан, иргэний нэхэмжлэгч “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн нар илэрхийлж, бас давж заалдах гомдол гаргасан юм.
НПГ-аас Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Д.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр гэргийнхээ хамтаар Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалтын бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн, “Уран ган” компанийн захирал Б.Лхагвасүрэн гэх зэрэг хүнд тухайн газраасаа өгч, оронд нь автомашинууд авч мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм. Бас Б.Цэрэндоржтой хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн иргэнээс 14 тэрбум шахам төгрөг залилсан, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчианг гэх хүнд итгэл төрүүлэн 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг Н.Болормаатай хамтран мэхэлсэн хэмээн буруутгаж байв. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч И.Ганбат дээрх хүмүүст холбогдох хэргийг хэлэлцээд Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг цагаатгаж, Н.Болормаад холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Харин Б.Цэрэндоржид зургаан жил хорих ял шийтгэжээ.