Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл энэ оны хоёрдугаар сарын эцэст өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20.1 хувиар өссөн бол чанаргүй зээлийнх 1.5 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Тодруулбал, анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үетэй харьцуулахад 245 тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээлийнх хоёр их наяд төгрөг болж, 30.6 тэрбум төгрөгөөр буурчээ. Ингэснээр чанаргүй болон анхаарал хандуулах зээлийн өр нийт зээлийн есөн хувийг эзлэх болжээ. Харин арилжааны банкууд болон “Монголын ипотекийн корпорац”-аас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл энэ үед 9.5 их наяд төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4, өмнөх сарынхаас нэг хувиар өссөн дүн болсон аж. Ипотекийн зээлийн өрийн үлдэгдлийн 97.8 хувь буюу 9.3 их наяд нь хэвийн, 0.9 хувь буюу 82.1 тэрбум нь чанаргүй ангилалд багтсан байна.
Ж.Сувд