Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханыг шалгуулна хэмээн Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгдсэн билээ. Тэрбээр “АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан Ухаа худаг, Халзан бүргэдэй, Бороо гоулд зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон. Д.Жаргалсайхан өөрөө стратегийн гурван ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна” хэмээсэн.
Тэгвэл АТГ-ынхан АМГТГ-ын анхны даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханд холбогдуулан хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр түүний хамаарал бүхий “Цайртменерал” ХХК-ийн төв, орон нутгийн байранд нэгжлэг хийжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Төмөртэйн овооны цайрын орд газарт байгуулсан уулын баяжуулах үйлдвэрийн оффис, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт байдаг G&D төвийн байранд нь АТГ-ынхан прокурорын байгууллагын хяналтад нэгжлэг хийсэн байна.
“Цайртменерал” ХХК нь БНХАУ-ын “Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төсөл” болон манай улсын “Металл-Импэкс” компанийн хөрөнгө оруулалттай хэмээн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Тэгвэл “Металл-Импэкс” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч нь Д.Жаргалсайхан аж. “Цайртменерал” ХХК нь Төмөртэйн овооны ордод MV-020759, MV-000723 дугаартай ашиглалтын хоёр, Цогт толгой гэх газарт XV-013733 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм.
Г.Орчлон