-Технологиос үүдсэн хүний эрхийн зөрчил нэмэгджээ-
Цэцэрлэг, сургууль, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахын тулд дугаарлаж зогсохгүй, онлайнаар бүртгүүлж, багшийн журнал, сурагчийн хувийн хэргийг цаасан хэлбэрээс халсан зэрэг үзүүлэлтээрээ Монгол Улс боловсролын салбарт цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж буй онцлох таван орны нэгээр нэрлэгдсэнийг ЮНЕСКО өнгөрсөн онд мэдээлсэн. Мөн технологийн дэд бүтэц сайжирч, 55 дугаар байр хүртэл ахисан нь харилцаа холбооны салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Түүнчлэн НҮБ-ын 2024 оны цахим засаглалын судалгааны үр дүнд Монгол Улс анх удаа “Маш өндөр хөгжсөн” ангилалд буюу 193 улсаас 46 дугаарт бичигджээ. Эл үнэлэмжээр манай улсын бүх салбар цахимжиж, төрийн үйлчилгээ хялбар болсон уу гэвэл өрөөсгөл.
Цахим орчин дахь ахиц дэвшил мэт харагдах “тоонууд”-ын ард хүний эрхийн зөрчил маш ихээр гарсаар. Тиймээс зарим зүйлийг урьдчилан харж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байгааг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон хэлэв. Тодруулбал, тус комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд хүний эрх ба технологийн асуудлыг бүлэг болгон оруулж, УИХ-д танилцуулах юм.
Охид, эмэгтэйчүүдэд аюултай талбар
Цахим орчныг зөв ашиглахгүй бол дэлхийн хаанаас ч нэр, зүсээ нуусан этгээдүүд хүчирхийлэл үйлдэхэд бэлэн байдаг. Ялангуяа охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх талбар нь цахим орчин болж буйг олон улсын жишээ баримтаас харж болно. Хуурамч мэдээлэл түгээж, хилсээр гүтгэх, цахимаар дээрэлхэх, бусдыг үзэн ядсан үг хэллэг бүхий бичвэр нийтлэх, хувийн мэдээллийг нь хулгайлан янз бүрийн зорилгоор хууран мэхлэх үйлдэл дэлхий нийтэд хамгийн ихээр үйлдэгддэг аж. Үүнд бүх хүн өртөх эрсдэлтэй. Тэр дундаа эмэгтэй улс төрчид, хүний эрхийн хамгаалагчид, сэтгүүлчид өртөж байгааг олон судалгаа “хэлж” байна. Жишээ нь, ЮНЕСКО-гийн 2021 оны тайланд эмэгтэй сэтгүүлчдийн 73 хувь нь цахим хүчирхийлэлд өртдөг гэж мэдээлжээ. Мөн хүүхдүүд цахим орчинд хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж, хохирч буй юм. Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн цахим дарамтын талаарх мэдээлэлд цахим орчинд нэр төрд халдах, зураг бичлэгээр сүрдүүлэх, дарамтлах, утсаар заналхийлэх, цахим дээрэлхэлт, бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох зэрэг зөрчил олон гарсныг дурджээ.
Ажилд горилогчдыг “байцаах”-аа зогсооё
ХЭҮК-ынхон төрийн алба, төрийн өмчит үйлчилгээний газар, хувийн хэвшлийн төлөөлөл болгон есөн компанийн ажлын анкетад судалгаа хийжээ. Төрийн албанд ажил горилогчийг тухайн ажлын байранд тохирох, шалгуур шаардлага хангаж буй, эсэхийг Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 600 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан анкетын дагуу “байцаадаг” байна. Харин хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн чиг үүрэг, онцлогт тохируулан ажилд орохыг хүсэгчдийн анкетыг баталж ашигладаг юм. Ингэхдээ хэт хувийн нууцад халдсан, шаардлагатай бус асуулт цөөнгүй байсныг тус комиссынхон хэлэв. Тухайлбал, төрийн албан хаагчийн анкетын хувь хүний талаарх мэдээлэлд регистрийн дугаар, үндэс угсаа, төрсөн аймаг, газар, садан төрлийн байдал, хувийн хэргийн бүрдэлд хувь хүний намтар зэргийг тодруулсан байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн цахим анкетад регистрийн дугаар, иргэний төрсөн газар, аймаг сум, үндэс угсаа, садан төрлийн байдал, орон сууцын нөхцөл зэргийг асуусан байх юм. Харин хувийн хэвшлийн байгууллага ажил горилогчоос регистрийн дугаар, иргэний төрсөн газар, аймаг, сум, үндэс угсаа, нийгмийн гарал, гэр бүл, садан төрлийн хүмүүсийн төрсөн он, ажил эрхлэлт, эрүүл мэндийн байдал, жолооны үнэмлэхтэй, эсэх, сошиал хаяг зэрэг хүний эмзэг мэдээллийг авдаг нь судалгаагаар тогтоогджээ. Эрүүл мэндийн байгууллага, банк болон бусад үйлчилгээний газрынхан “регистрийн дугаар хэл” хэмээн эрээ цээргүй “орилдог” шиг цахим анкетад ч энэ мэдээлэл гол үүрэг гүйцэтгэдэг аж. Ажлын анкетын анхан шатны асуулгыг ялгаатай боловсруулах, хувийн болон эмзэг мэдээллийг бичгээр авахгүй байх, тухайн ажлын байранд тавигдах шаардлагад хамаарах мэдээлийг товч тодорхой, боломжит бага асуулгаар зохицуулахыг ХЭҮК-оос зөвлөсөн юм.
“Бай”-ндаа хүрэлгүй замхарсан хөтөлбөрүүд
Манай улс 2000 оноос хойш цахим засаглалын асуудлаар бодлогын 10 орчим баримт бичиг баталжээ. Бараг л жил бүр шинэ хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхээр зорьдог. Гэвч эдгээр хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, үр дүнг үзсэн нь ховор. Өөрөөр хэлбэл, бодлогын бичиг баримтыг “бай”-ндаа хүрээгүй байхад нь зогсоож, татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсээр өдий хүрлээ. Засгийн газар, яам, Тамгын газрын удирдлага солигдох болгонд хөтөлбөрийн нэрийг нь өөрчилж, агуулгыг нь алдагдуулж орхидог. Эхнийх нь үр дүнгээ өгөөгүй байхад дараагийнх нь “мэндэлнэ”. Төрийн байгууллагынхан замбараагүй олон бичиг баримт, цэгцлээгүй цааснуудын дунд будилсаар. Үүний ард иргэд хохирч, эрх нь хөсөр хаягдаж байна.
Хөтөлбөр нэрээр хүний хувийн мэдээллийг ихээр цуглуулахын зэрэгцээ хяналтын камерын тусламжтайгаар иргэдийн хөдөлгөөнийг хянах болсон. Гэмт хэргээс сэргийлэхийн тулд хяналтын камерыг олноор байршуулах хэрэгтэй гэж цагдаагийн байгууллагынхан хэлдэг ч хүнийг мөрдөн мөшгөх, хувийн мэдээллийг нь зөвшөөрөлгүй цуглуулах эрсдэлтэй хэмээн хуульч, өмгөөлөгчид үздэг. Одоогоор улсын хэмжээнд 120 мянга гаруй камер бүртгэлтэй байна. Үүний 32 мянга гаруй нь нийслэлд бий. Сүүлийн хэдэн жилд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгөөр 11 мянган хяналтын камер суурилуулжээ. Үүнээс 4500 гаруй нь эвдэрч, 1600 орчим нь ашиглах боломжгүй болсон гэнэ. Хяналтын камерын засвар, арчилгааг нутгийн захиргааны байгууллага хариуцдаг боловч хэрэгжилт хангалтгүй байгааг ХЭҮК-ынхон тайлан илтгэлдээ дурджээ. Тиймээс засвар, үйлчилгээг цаг тухайд нь хийхэд хүндрэлтэй аж. Ялангуяа хүний нүүр царай таних камерыг хэрхэн ашиглах, аюулгүй байдлыг яаж хангах, хяналт тавих талаар хууль, эрх зүйн зохицуулалт алга. Үүнтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг нэн даруй бүрдүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлсэн. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарынхан 20 гаруй төрлийн цахим систем ашигладаг байна. Энэ нь эмнэлгийн ажилтнууд төдийгүй иргэдэд хүндрэл учруулахын зэрэгцээ хувь хүний мэдээллийг ихээр цуглуулах эрсдэлийг нэмэгдүүлж буй юм. Тухайлбал, ХЭҮК-т хүний хувийн мэдээлэлтэй холбоотой 78 гомдол, мэдээлэл иржээ. Үүний ихэнх нь мэдээлэл хариуцагч нь анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор ашигласан, хуульд заасан үндэслэлээр бус, эзнээс нь зөвшөөрөл авахгүйгээр мэдээллийг боловсруулсан, түгээсэн, дамжуулсан зэрэг гомдол байж. Мөн зөвшөөрөлгүйгээр эмзэг мэдээллийг нь олж авч тараахдаа тухайн хүнийг тодорхойлох боломжтойгоор нийтэлсэн гэх гомдол цөөнгүй ирсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хаана амьдардаг, ажилладаг, нас, хүйс зэргийг нь ил мэдээлснээр бусдын “олз” болгожээ.
Эрүүл мэндийн үйлчилгээ авахад цахим гав саад болжээ
Технологиос үүдэлтэй хүний эрхийн тулгамдсан нэг асуудал нь цахим гав, тагнах төхөөрөмжийн зохицуулалт болохыг ХЭҮК-ын гишүүд хэлсэн. Өөрөөр хэлбэл, цахим гав хэрэглэх эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төрд халдсан, гутаах шинжтэй байгаа тул анхаарах шаардлагатайг тэд онцолсон юм. Манай улс гэмт хэргийн хор хохирлоос шалтгаалан тухайн этгээдийн зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг хэрэгжүүлж буй. Энэ нь улсын төсвийг хэмнэхийн зэрэгцээ гэм буруутай этгээдийг хананы цаана хорихгүйгээр нийгэмшүүлэх, гэр бүлтэйгээ хамт байх боломж олгодгоороо давуу талтай. Гэвч цахим гав нь хүний эрхэд “халдсан” явдал цөөнгүй гэнэ. Жишээ нь, халуун усны газарт ажилладаг тул бугуйн гав нь усанд норж эвдэрсэн байна. Тиймээс цахим гавыг хөлний шилбэнд нь бэхэлсний улмаас өвөл түрийтэй гутал өмсөж чадахгүйд хүрсэн талаарх гомдол комисст иржээ. Мөн “Сэлэнгэ аймгийн Хөтөл сум Орхон аймгийн нутаг дэвсгэртэй хиллэдэг. Манай өрхийн эмнэлэг Орхоны бүс нутагт байрладаг юм. Хүүхдээ үзүүлэхээр өрхийн эмнэлэг орох гэхээр сумынхаа нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон тул эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байна” гэх гомдол мөн иржээ. Түүнчлэн өөр дүүрэгт байрладаг сургуульд нь хүүхдээ хүргэж өгч чаддаггүй, MR шинжилгээ хийлгэх гэтэл цахим бугуйвчтай тул боломжгүй гэх зэрэг гомдол, мэдээлэл тус байгууллагад ирсэн байна. Гэм буруутай этгээд ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Эрүүгийн хуульд зорчих эрхийг таван жил хүртэл хугацаагаар хязгаарлахаар заасан. Харин олон улсад энэ төрлийн ялын хугацаа хоёр жил орчим байдаг аж.
Энэ бүхнээс үзэхэд манай улсад цахим засаглал хэлбэр төдийгөөр ноёрхож, хүртээмжгүй байдлын улмаас иргэд ялгаварлан гадуурхалтад өртөж, эрхээ зөрчүүлсээр. Алслагдсан сумд амьдардаг иргэд интернэт, сүлжээгүй, технологийн мэдлэг дутмагаас илүүтэй хохирч байна. Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлбэр нь хэтийдсэн цахим засаглалын хохирогч болж, хөшигний цаана үлдэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоор ажилладаг технологи, дохионы хэл дээр мэдээлэл авах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь цахим орчинд тэндний оролцоог бууруулах гол хүчин зүйл болж буйг хүний эрхийн 24 дэх илтгэлд онцолсон байна.