Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан “Оройн нахиа” эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн хурлыг энэ сарын 21-нд зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудад судалгааны арга зүй эзэмшүүлэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх гэнэ. Уг хуралд бакалавр, магистр, докторын түвшний 31 суралцагч илтгэлээ танилцуулсан байна.
Бакалаврын түвшинд “Археологийн зарим модон олдворуудыг анатоми бүтцээр нь тодорхойлсон судалгааны үр дүн” эрдэм шинжилгээний өгүүллээрээ МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутан Н.Мөнхнасан тэргүүлжээ. Удаах байрт ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн оюутан Г.Алтаншагай, С.Содбаяр нарын “Өмхөрсөн шинэснээс эко-цаас гарган авах судалгаа” шалгарчээ. Магистрын түвшинд МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутан О.Лхагважаргал “Өрөөсгөл хүр эрвээхэйн өндгөн дээр тосон бэлдмэлээр үйлчилж турших судалгаа”-гаар нэгдүгээр байрт шалгарсан юм байна. Ханын илтгэлийн төрөлд МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутан Г.Баясгалан тэргүүлсэн аж. Мөн мод үржүүлэг, ойжуулалтын судалгаа хийж буй дөрвөн оюутанд тус бүр дөрвөн сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.
А.Үүл