“Улаанбаатар палас”-ын барилгыг нурааж, оронд нь орон сууцын хороолол барихаар төлөвлөж буйг эсэргүүцэж байгаагаа Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэд өчигдөр мэдээлэв. Тэд барилгын ажлыг хариуцаж байгаа “Хурд стандарт” компанийг соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай талбайд ямар байгууламж барихаар төлөвлөснөө мэдэгдэхийг шаардлаа. Мөн нийслэл, дүүргийн холбогдох байгууллагуудаас иргэд энэ талаар мэдээлэл авахыг хүссэн ч албаныхан “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөнд бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм.
“Уг нь “Улаанбаатар палас”-т худалдаа үйлчилгээ, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зохицуулалттай. Гэтэл “Хурд стандарт” компани худалдаа, үйлчилгээний чиглэлээс гадна орон сууцын зориулалтаар барилга барихаар төлөвлөж байна. Энэ нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчинө. Эл хуульд “Хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй” гэж заасан. Мөн нийслэлийн ИТХ-ын 2023 оны зургаадугаар сарын 21-ний тогтоолоор Улаанбаатар хот дахь хүн амын нягтаршлын хязгаарыг давсан 81 байршлыг тогтоосон. Энд нь “Улаанбаатар палас”-ын ойр орчмын талбай ч багтдаг юм. “Улаанбаатар палас”-ын ойр орчимд нийт 6700 орчим хүн амьдардаг. Тэнд үйл ажиллагаа зохион байгуулахад гэр лүүгээ орох аргагүй болтол түгжирдэг. Мөн манай Баянгол дүүргийн VI хороонд ч ногоон байгууламж хомс. Улаанбаатар хот дахь ногоон байгууламжийн хэмжээ дэлхийн стандартаас зургаа дахин бага. Ийм байхад бетонон ширэнгээ л улам нэмж байна. Тиймээс хууль, дүрэм зөрчиж, орон сууцын хороолол барихаар төлөвлөж буйг эсэргүүцэж байна” гэж иргэд өгүүллээ.
Газар ашиглалтын зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага ховор учраас барилга барих ажил дуусах хүртэл хяналт тавихаа тэд илэрхийлсэн юм. Мөн “Хурд стандарт” нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани. Төрийн түшээ иргэдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах үүрэгтэй шүү дээ. Энэ барилгын ажлаас болж Үндсэн хуулиар баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Цаашид тухайн газарт юу барихаа шийдээгүй байна” гэсэн тайлбар өгчээ.
А.Үүл