Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчлахдаа Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулсан билээ. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ямар бүтээгдэхүүнд хэр хэмжээний квот, импортын гаалийн татвар тогтоохоор тохиролцсоныг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлэв. Манай улсад жилд импортлох улаан буудайн дээд хязгаарыг 50 мянган тонноор тогтоож 3.75, өндөгнийхийг 90 сая ширхгээр тооцон 7.5 хувийн татвар ногдуулахаар болжээ. Харин сахаргүй хуурай сүүний квотыг 1500 тонноор хязгаарлаж, татвараас 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн аж. Энд дурдсан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд 5-15 хувийн татвар оноох нь. Түүнчлэн цөцгийн тосонд 7.5, бяслагт 15, архи, пивонд 25 хувийн татвар тогтоохоор тохиролцжээ. Гаалиар тодорхой квот, татварын хөнгөлөлттэй нэвтрүүлэх бараа, бүтээгдэхүүнээс Монголын тал найман нэр, төрлийг хасуулсан нь шингэн болон өтгөрүүлсэн, шар сүү, өтгөрүүлсэн цөцгий, даршилсан өргөст хэмх, сонгино, төмс, шар, лууван, манжин гэнэ. Харин хасуулах саналыг нь хүлээж аваагүй дөрвөн бүтээгдэхүүн буй нь амтат жигнэмэг (таван хувь), өрмөнцөр (тав), эрдэст ус (тав), иогурт (15) аж.
Хэлэлцээрийн хүрээнд тус холбооны улсууд руу Монголоос 366 нэр, төрлийн барааг экспортын татваргүй нийлүүлэх боломж бүрджээ. Тодруулбал, мах, махан 29, арьс, ширэн 60, хөдөө аж ахуйн 73, ноос, ноолуурын чиглэлийн 204 нэр, төрлийн бүтээгдэхүүн үүнд багтжээ. Евразийн орнууд руу манайхаас экспортлох гол бүтээгдэхүүнд үхэр, хонь, ямааны мах, малын дайвар, яс, өөх тос, хиам, зайдас, нухаш, сүү, сүүн бүтээгдэхүүн, рапсын тос, жимсний шүүс, чанамал, нэхий, ноос, ноолууран хувцас, хивс зэрэг багтаж байна. Эдгээрт мөн тодорхой экспортын квот тогтоох бөгөөд түүнээс дээш бол 7-50 хувиар татвар ногдуулах юм.
Н.Мишээл