Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн оюутнууд практик туршлага муутай, хүүхэлдэй чагнасаар төгсдөг гэх шүүмжлэл бий. Тэгвэл тус сургуулийнхан мэс заслын эмчээр бэлтгэгдэж буй оюутнуудад зориулан туршилтаар хагалгаа, ажиллавар хийх боломжтой төв байгуулснаа өчигдөр нээлээ. Туршилтын мэс заслын төв нь практикт суурилсан, амьтанд мэс засал хийх боломжтойгоороо давуу талтай гэнэ.
АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн 80 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Ботаникт байрлах салбар сургуульдаа дээрх төвийг байгуулжээ. Мэс засалч болоход олон жилийн туршлага, ур чадвар шаарддаг ч хүний эд, эрхтэнд дадлага хийх боломжгүй учраас оюутнууд дуураймал орчинд суралцах шаардлагатайг тус сургуулийн багш нар онцолж байв.
Туршилтын мэс заслын төвийг олон улсын стандартын дагуу тохижуулж, шаардлагатай техник төхөөрөмжөөр хангажээ. Нээлтийн үеэр АШУҮИС, зарим эмнэлгийн мэс заслын багууд гахайн элгийг туршилтаар тайрах, ясны бэртэл гэмтлийг “эмчлэх” зэрэг хэд хэдэн хагалгаа хийж үзүүлсэн нь олны анхаарлыг татав. Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нутагшуулсан эмч нар ч мөн гадаадад мэргэжил дээшлүүлж ирээд гахайнд туршилтын мэс заслууд хийж, туршлагажсан байдаг. Иймд ирэх жилээс тус төвд бөөр шилжүүлэн суулгах болон цээж, хэвлийн хөндийн хагалгааг туршилтаар хийх сургалтын орчин бүрдүүлэх аж.
О.Ундрах