“Ноорог” сайтын ажилтан А.О-г “...мөрийтэй тоглоом зохион байгуулсан, ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдсэн..” зэрэг эрүүгийн гэмт хэрэгт буруутган цагдан хорьж буй. Тэгвэл түүний ах А.Баяржаргал гэх иргэн цахим хуудсаараа дамжуулан өөрийгөө мөрийтэй тоглоом зохион байгуулдаг, үүнд нь цагдаагийн алба хаагчид холбоотой гэх ноцтой мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Би “Торгоны зам” гэх онлайн мөрийтэй тоглоомын албан ёсны эзэн. “Миний дүү А.Очбаяр хэвлэх үйлдвэрт 2-3 жил ажиллаж байгаад 2025 онд “Ноорог”-т ажилд орсон. Цагдаагийнхан ажлын газарт нь шалгалт хийснээр дүүгийн маань дансны мэдээлэл ил болсон. Дүүгийнхээ дансыг 6-7 сар орчим хэрэглээд өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас ашиглаагүй. Дансаар нь 9.3 тэрбум төгрөг орж, гарсныг цагдаагийн байгууллагынхан тогтоосон. “Торгоны зам” болон “Ноорог” хоорондоо ямар нэгэн харилцаа хамаарал байхгүйг албан ёсоор мэдэгдье. Цагдаагийн алба хаагч миний ажиллаж байсан “Хос тамга” гэх цахим мөрийтэй тоглоомын газартай хамтран ажилласан. Цаг нь болохоор нэрийг нь хэлнэ. Мөн “Торгоны зам” цахим мөрийтэй тоглоомын газрыг ажиллуулж байхад ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан өөр хүнээр дамжуулан надтай холбогдсон. “Клубээ хөгжүүл, ашиг сайн ол” гэсэн. Тэр хүн найман сарын хугацаанд 400 орчим сая төгрөг авсан. Дараа нь маш их хэмжээний мөнгө хүссэн учраас би саналаас нь татгалзсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт ажилладаг өөр хүнийг олж, үйл ажиллагаагаа явуулсан. Тэр хүнд эхлээд сард 50 сая төгрөг өгдөг байсан. Дараа нь сар бүрийн 20-нд 75 сая төгрөг төлдөг болсон” гэв.
Энэ асуудлын мөрөөр цагдаагийн байгууллагынхан хэвлэлийн хурал хийсэн юм. ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд гадаад улсаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэрэг үйлдэх болсон. Монгол Улсын иргэн Э-гийн 35 хүнтэй бүлэглэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байхад нь “Шувуу” ажиллагааны хүрээнд албадан баривчилсан. Мөн 28 хүний бүрэлдэхүүнтэй Г-гийн бүлэглэлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хоёр этгээдийг цагдан хорьсон. Б-гийн бүлэглэл буюу мэдээлэл хийсэн А.Баяржавхлан гэх хүний хамаарал бүхий 18 хүн оролцсон бүлэглэл бий. Гадаад улсаас гэмт хэрэг үйлдэж буй нь тогтоогдсон. Төрсөн хоёр дүү О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Мөн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэг хүнийг хорьсон. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, гэмт бүлэг үүсгэх, мөнгө угаах зэрэг гурван төрлийн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэсэн юм. ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Мөнхзул “А.Баяржаргал нэртэй фэйсбүүк хаягнаас цагдаагийн алба хаагч нартай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган тухайн алба хаагчтай холбоотой хяналт шалгалт эхлүүлсэн. 2024 оны есдүгээр сарын 4-нд хийсэн, “Хянамгай бай” гэх арга хэмжээг сурталчлах хэвлэлийн хурлын мэдээллийг цагдаагийн алба хаагч шуурхай хуралдааны мэдээллийг явуулсан мэтээр тайлбарласан нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учраас холбогдох алба хаагчдыг шалгаж байна. Хууль бус үйлдэл, гэмт хэрэг хийсэн алба хаагчтай эвлэрэхгүй. Харин буруутай нь тогтоогдоогүй бол хууль ёсны эрх ашгийг нь хамгаална” гэв.
Цахим мөрийтэй тоглоомтой холбоотой байж болзошгүй нөхцөлд шалгаж буй учраас “Ноорог”-ийн төхөөрөмжүүдийг хураасан. Энэ нь хууль, эрх зүйн зохицуулалттай. Хамааралгүй гэдэг нь тогтоогдвол эд зүйлсийг нь прокурорын зөвшөөрлөөр буцааж олгоно гэж хурлын үеэр ЦЕГ-аас мэдэгдсэн юм. Мөн энэ өдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Ноорог”-ийн асуудлаар Хууль зүйн байнгын хороонд мэдээлэл өгөв. Тэрбээр “Хүмүүс цагдаад эргэлзсэн учраас би мэдээлэл хийсэн. Энэ хэрэг мөрийтэй тоглоомтой холбоотой байсан нь цаг хугацааны эрхээр нотлогдлоо” гэсэн бол ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа мөн энэ асуудлаар мэдээлэл өгсөн бөгөөд “Ноорог”-ийн залууст хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй, хуулийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэл нь хоорондоо зөрчилдөж байгааг хэлсэн юм. Энэ нь иргэдийн халдашгүй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл гэдгийг тэрбээр тодотгов.
Ч.Туяа