- Асрахуйн салбар луу өнгийж, анхаарал хандуулах цаг болжээ -
Монгол Улсын эдийн засагт тулгамдсан таван гол асуудлын нэгдүгээрт хүний нөөцийн дутагдал бичигдсэнийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Отгонтөгс хэлсэн юм. Швейцарын Давос хотноо өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр болсон Дэлхийн эдийн засгийн 55 дугаар чуулганы үеэр энэ тухай онцолсон бөгөөд хоёрдугаарт эрчим хүчний асуудлыг эрэмбэлжээ. Манай улсад хүний нөөц аль ч салбарт дутагдаж, ажиллах хүчний хомсдол үүссэн. Барилга, уул уурхайн адил эдийн засагт асар их нөлөө үзүүлэх “хүч” нь асрахуйн хөдөлмөр гэдгийг судлаач, мэргэжилтнүүд ярих боллоо.
Давхар ажлын байр бий болгоё
Бид бүгд асрахуйн эдийн засаг (care economy)-т ямар нэгэн байдлаар хувь нэмрээ оруулж буй. Үр хүүхдээ өсгөх, аав, ээжийгээ асран халамжлах нь асрахуйн ажил юм. Гэвч энэ ачааг ихэнхдээ эмэгтэйчүүд үүрч байна. Тэд эрэгтэйчүүдээс хоёр дахин их цагийг хөлсгүй ажилд зарцуулдаг гэх судалгаа бий. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Асрахуйн эдийн засаг гэдэг нь харьцангуй шинэ ойлголт. Монгол эмэгтэйчүүд цалин хөлсгүй асрахуйн ажилд эрэгтэйчүүдээс 3.2 дахин их цаг зарцуулдаг. Ази, Номхон далайн орнуудад эл үзүүлэлт дөрөв байдаг гэсэн судалгаа бий. Нөгөө талдаа манай улсад 2023 оны байдлаар эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Иймд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн баталгааг нь сайжруулах шаардлагатай” хэмээн ярьсан. Ийм шаардлага урган гараад багагүй хугацаа өнгөрлөө. Бүр “тэсрэх” хэмжээнд хүрсэн гэхэд болно. Тодруулбал, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүнийг асран халамжлагчид ажил хийх ямар ч боломжгүй нөхцөлд амьдарч байна. Нэг бол асаргаа шаардлагатай хүнээ хараад гэртээ “ажилгүй” суух. Үгүй бол гэрт нь цоожлоод, эсвэл хэн нэгэнд даатгаад, хатуухандаа үл хайхрах хүчирхийлэл үйлдээд ажил хөдөлмөр эрхлэх гэсэн хоёр үнэнтэй нүүр тулдаг ажээ. Уг нь шаардлагатай хүнд нь цалинг нь өгөөд, ажил хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэн, бизнесээ өргөжүүлэхийг хүсдэг ч тийм боломж Монголд хомс. Өөрөөр хэлбэл, өндөр настан, хэвтрийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харж хандаж, асран тойглох ажиллах хүчин манай улсад алга.
Монгол Улсын хүн амын 2.1 сая нь хөдөлмөрийн насных. Гэвч 1.2 сая нь л хөдөлмөр эрхэлж байна. Үлдсэн нь яагаад ажил хөдөлмөр эрхлэхгүй байна вэ. Магадгүй, гэртээ бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өндөр настай аав, ээжийгээ асраад цалинтай ажил хийх боломжгүй байж мэдэх. Тэдгээр ажиллах хүчнийг нийгэмд гаргах хөшүүрэг нь асрахуйн хөдөлмөр эрхлэгчдийг бэлдэх явдал юм. Ингэснээр давхар ажлын байр бий болгох боломжтойг эдийн засагч, судлаачид хэлдэг билээ. Гэтэл Монгол Улсад сүүлийн арван жилд ажиллах хүчний нийлүүлэлт буурсаар байгааг Дэлхийн банкнаас анхааруулсан. Тэр дундаа эмэгтэйчүүдийн ажиллах хүчний нийлүүлэлт зургаан хувиар буурсныг сануулсан юм. Бид хүүхдээ цэцэрлэгт өгөөд, тэр хугацаанд нь хөдөлмөр эрхлэх боломжтой болдог. Цэцэрлэгийн багш, ажилтнууд асрахуйн ажлыг хөлстэй гүйцэтгэж буй. Мөн үйлчилгээний байгууллагуудаас ажилтан зуучилж, асрахуй шаардлагатай хүмүүсээ даатгаж болох юм. Харамсалтай нь, энэ салбарт ажиллах хүн ховор бөгөөд өндөр цалин амласан ч тогтвор суурьшилтай ажилладаггүй гэнэ.
“Амьдралаа золиослоод нэгнийгээ асардаг нийгэм гэж байхгүй”
Альцхеймрийн өвчтэй эмээгээ олон жил тойглож, үргэлжлүүлэн ээж, хүүхдээ асарч яваа Э.Сүндарь асрахуйн хөдөлмөр эрхлэх хүн олоход тун хэцүү байгаа талаараа цахим хуудсандаа хуваалцжээ. Тэрбээр “Гаднаас хүн ажиллуулахад сард 2-2.5 сая төгрөгийн цалин өгдөг. Гэвч ажиллах хүн олдохгүй байна. Зарим нь хэлсэндээ хүрэхгүй, хамаг цаг барах юм. Арай гэж нэг хүн “олж”, сургаад ажиллуулж байтал утсаа салгаад алга болчихдог. Ийм байдлаар олон жил амьдарлаа. Өндөр настай, өвчтэй, асаргааны хүнийг цалинтай харж хандах хүн Монголд байхгүй байхад гаднаас ажиллах хүч оруулж ирэх хэрэгтэй” хэмээн бичсэн байна. Энэ талаар түүнээс тодруулахад “Би альцхеймрийн өвчтэй эмээгээ олон жил асарсан. Дараа нь ээж минь тархиндаа цус харваж, хэвтэрт орсон. Одоо ээжийгээ болон аутизмтай хүүгээ асарч байна. Сүүлийн 10 жилийн турш асрагч хайж, ажиллуулж үзлээ. Өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст асаргаа зайлшгүй шаардлагатай. Хооллож ундлах, эм, тариаг нь ойртуулах, аюулгүй байдлыг нь хангахад гэр бүлийнхнээс нь хэн нэгэн заавал хамт байх ёстой болдог. Одоо үед өөрийгөө золиослоод нэгнийгээ хардаг нийгэм байхгүй болж байна. Энэ нь хатуу сэтгэлтэйдээ биш, амьдралын шаардлагаар хүмүүс бүл цөөтэй болсон. Эрэлт их байгаа ч асаргааны ажил хийх мэргэжилтнүүд алга. Голдуу тэтгэвэртээ гарсан сувилагчид энэ салбарт ажиллаж байна. Эсвэл асаргааны талаар ямар ч ойлголтгүй хүмүүс ийм хөдөлмөр эрхэлж буй. Төр засгаас бага насны хүүхдийн асаргааг дэмжиж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангана гэдэг ч тэдний оронд ажиллах хүн олдохгүй байна шүү дээ. Нийгэмд мөнгөтэй хүмүүс хүүхдээ асрагчаар харуулдаг гэсэн нийтлэг ойлголт бий. Гэхдээ дундаж орлоготой хүмүүс ч хүүхдээ асрагчаар харуулахыг хүсэж байна. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 18 нас хүртэл, тэрнээс цааш ч асрах шаардлагатай. Гэвч манай улсад хүний нөөц дутагдалтай байгаагаас энэ ажлыг хийх хүн олддоггүй. Мэргэжлийн ур чадваргүй, наад зах нь сэргээн засах чиглэлийн ойлголтгүй хүн асрахуйн ажлыг цалинтай гүйцэтгэж байна. Сүүлдээ туршлагагүй хүн ч олдохоо байсан. Гэтэл бусад оронд асаргааны ажил мэргэжил болтлоо хөгжсөн. Тухайлбал, Японд энэ салбар сайн хөгжсөн. Үүнд залуугаасаа суралцаж, ажлын байр нь бэлэн, баталгаатай байдаг. Харин манай улсад өвчтэй хүн асарвал амьдрал нь доройтдог гэсэн мухар сүсэг ч бий. Үйлчилгээний салбарт гаднаас ажиллах хүч оруулж ирж буй компаниуд татварын дарамтаас болж олноор нь “нийлүүлж” чадахгүй байгаагаа учирладаг” гэв. Мөн тэрбээр уул уурхай, барилгын салбарт хүний нөөцөө бэлдэж, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах нь зүйтэй. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг халамжийн салбарт харьяалагдаж буй хүмүүсийг асрахад гаднаас ажиллах хүч оруулж ирэхэд болохгүй зүйлгүйг онцолсон юм. Улсаас хэдий халамжийн мөнгө олгодог ч үүгээрээ асрах үйлчилгээ худалдан авах боломжгүй байгааг хэлэв. Тиймээс асрахуйн ажил эрхэлж буй хүмүүсийг хөдөлмөрлөх боломжоор хангах нь нэн чухлыг дуулгасан. Мөн асаргаа шаардлагатай ахмадууд, хэвтрийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд хамгийн их өртдөг аж. Гэр бүлийнхэн нь стресст өртөх, эдийн засгийн хямралд орох, сэтгэл зүйн асуудлаасаа болж уур бухимдлаа тэдэнд гаргах тохиолдол их гэнэ. Манай улсын ахмад настнуудын 47 хувь нь бие махбод, 65 хувь нь сэтгэл зүй, 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэх судалгааг ХЭҮК-оос гаргасан юм.
Эрх зүйн орчныг сайжруулахаар хуулийн төсөл боловсруулжээ
Монгол Улсын 10 хүн тутмын нэг нь ахмад настан байна. 30 жилийн дараа таван хүн тутмын нэг нь ахмадын тоонд орохоор байгааг статистикийн мэдээллээс харж болно. Одооноос ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарал хандуулах нь ирээдүйд хүн бүрд тустай. Нэг хүнийг дагаад өөр нэгэн цалингүй хөдөлмөр эрхлэх нь өрх гэр, цаашлаад улс орны эдийн засагт ч гарз хохиролтойг мэргэжилтнүүд хэлж байна. Манай улсад 387 мянга гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга орчим иргэн амьдарч буй. Тэдний ард ийм тооны хүн хөлсгүй хөдөлмөр эрхэлдэг гэхэд хилсдэхгүй. Ядаж л яаралтай үед нялх хүүхдээ харуулаад ажлаа амжуулаад ирэх боломж манай улсад бүрдээгүй байна. Хүүхэд, ахмад настныг харж өгөх хүн хайсан зар цахим орчинд хаа сайгүй. Хүнийг энэрэн хайрлаж, асран халамжлах сэтгэлтэй нэгнийг зарын дагуу олно гэдэг амаргүй. Тиймээс Монгол Улсад асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ асуудалд УИХ-ын зарим гишүүн анхаарал хандуулж, Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах хуулийн төслийг боловсруулжээ. Түүнчлэн доктор Б.Отгонтөгсөөр ахлуулсан, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш нар цалин урамшуулалгүй асрахуйн ажил хөдөлмөрийн үнэлгээг хэмжиж, тооцох судалгааны төслийг эхлүүлсэн байна. Канадын Шинжлэх ухааны академийнхан Ази тивээс гурван орон шалгаруулсны нэг нь Монгол болжээ. Энэ салбар луу өнгийж харахгүй, анхаарал хандуулахгүй бол эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдэхгүй, цаашлаад хүн амын өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг Б.Отгонтөгс багш хэлсэн юм. Мөн тэрбээр “Эмэгтэй хүний хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй нэг цагийг 20 мянган төгрөгөөр тооцож үзвэл асар их мөнгө гарна. Бидний төслийг санхүүжүүлж буй Канадад гэхэд асрахуйн хөдөлмөрийн хөлсийг муж мужид өөрөөр тооцон гаргажээ. Хүүхэд харсны мөнгө хамгийн багадаа цагт 30 канад доллар. Өндөр хөгжилтэй, том эдийн засагтай орон л доо. Манай улс асрахуйн эдийг засгийг хэмжиж, зөв бодлого явуулахгүй бол ирээдүйд настай хүнийг асрахад улам хэцүү болно. Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай өрхийн гишүүнээ харж буй хүнд сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгох ёстой. Энэ нь зөвхөн асрамж халамж шаардлагатай хүмүүсийн бус, нийт иргэдийн асуудал” гэв.
Дэлхийн олон оронд асрахуйн хөлсгүй ажлыг “үнэтэй” болгосон. Тухайлбал, Норвег, Дани зэрэг улсад төрөөс хүүхэд, ахмад настны асаргаанд их хэмжээний хөрөнгө зарцуулдаг. Асрагчийн цалин өндөр, ажлын нөхцөл сайтай гэнэ. ХБНГУ-д асрамжийн газрууд нь чанартай үйлчилгээ үзүүлдэг, хүүхэд харах тогтолцоог сайн бүрдүүлсэн бол Ази тивээс Япон Улсад гэрийн асаргаа, мэргэжлийн асрамжийн үйлчилгээ өндөр хөгжжээ. Робот, технологи ашиглан асаргааны үйлчилгээг өргөжүүлсэн байна. Эдгээр орнууд төрийн бодлогоор асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, ажиллах хүчнээ “аварчээ”.