“Голден стэйт уорриорз” багийн лидер С.Көрригөөс өмнө холын зайн 3000 шидэлт оруулах нь NBA-ийн тоглогчдод холын мөрөөдөл байлаа. Домогт Р.Миллер холын зайн 2560 шидэлтээ оруулж, түүхийг бүтээгээд 2005 онд зодог тайлсан. Тэгвэл зургаан жилийн дараа Р.Аллен түүнийг гүйцэж түрүүлсэн агаад 2014 онд нийт 2973 холын шидэлт оруулаад сагсан бөмбөгөө орхиж байв. Гэхдээ Р.Алленийг зодог тайлах дөхөж байхад С.Көрри NBA-ийн гурван онооны шидэлтийн түүхийг шинээр бичиж эхэлж байсан юм. Тэрбээр 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд буюу Р.Алленийг гүйцэж түрүүлснээсээ хоёр долоо хоногийн дараа замналынхаа 3000 дахь холын зайн шидэлтээ оновчтой болгов. Улмаар гурван улирлын дараа буюу энэ сарын 13-нд “Сакраменто кингз” багийн эсрэг тоглолтод урьд өмнө хэний ч төсөөлж байгаагүй амжилтад хүрч 4000 дахь холын зайн шидэлтээ орууллаа.
“Мөрөөдөлдөө умбасаар байгаа мэт санагдаж байна. Намайг гурван онооны шидэлтээ оруулах бүрийд шинэ дээд амжилт тогтож байгаа гэсэн хошигнол сонссон нь үнэхээр сайхан санагдсан. Гэхдээ би иймэрхүү толгой эргэм амжилтын талаар тэр бүр бодохыг хичээдэггүй” хэмээн С.Көрри уг амжилтаа тогтоохын өмнө хэлж байлаа. Тэрбээр ончтой мэргэн шидэлтээ олон жилийн туршид тогтвортой хадгалж байгаа нь эл гайхалтай гэж тодорхойлж бүрэн болох амжилтынх нь гол нууц юм. С.Көрри нэг улиралд оновчтой болгосон холын зайн шидэлтээр лигийг найман удаа тэргүүлэхдээ 2015-2016 оны улиралд тогтоосон амжилт нь (402 шидэлт) өдгөө ч эвдэгдээгүй. Нэг улиралд хамгийн олон амжилттай болгосон холын зайн шидэлтийн зургаан дээд амжилтын тавыг нь Стеф эзэмшиж байна.
NBA-ийн дөрвөн удаагийн аварга С.Көрри анхны, 1000, 2000, 3000 дахь холын зайн шидэлтээ оруулснаас хойш их олон зүйл өөрчлөгджээ. Ганц л зүйл өөрчлөгдөөгүй нь Стефийн онч юм. Ингээд түүнийг түүхэн шидэлтээ оруулах бүрийд NBA болон дэлхий ямархуу байсныг эргэн саная.
Эхний шидэлт, 2009 оны аравдугаар сарын 30
“Уорриорз”-ын гараа: Стефен Көрри, Монта Эллис, Стивен Жексон, Энтони Рэндольф, Андрис Бьедринш
“Санс”-ын гараа: Стив Нэш, Леандро Барбоса, Грант Хилл, Чаннинг Фрай, Амаре Стаудмайр
С.Көрри NBA-ийн хоёр дахь тоглолтод оролцож байхдаа хоёрдугаар үед замналын анхны гурван онооны шидэлтээ оруулж байв. Тэрбээр А.Бьедриншийн дамжуулалтаар шидэлтээ оновчтой болгосон агаад эл тоглолтод ердөө гурван удаа холын зайнаас шидсэн аж. Өдгөө тэрбээр нэг үед л гурван шидэлт хийж байгаа билээ. Тухайн үед С.Көрритэй хамт тоглож байсан тамирчид өдгөө бүгд зодог тайлжээ. Харин Л.Барбоса, Ж.Коллинс, Ж.Дадли нар “Сакраменто”, “Нью-Орлеанс”, “Даллас” багт туслах дасгалжуулагчаар тус тус ажиллаж байна. Сонирхуулахад, тухайн долоо хоногийн шилдэг хит дуу нь Б.Спирсийн “3”, Жэй Шоны “Down” байлаа.
1000 дахь шидэлт, 2015 оны нэгдүгээр сарын 7
“Уорриорз”-ын гараа: Стефен Көрри, Клэй Томпсон, Харрисон Барнс, Дрэймонд Грийн, Маррис Спейтс
“Пэйсерс”-ийн гараа: Си.Жэй.Ватсон, Си.Жэй.Майлс, Соломон Хилл, Дэвид Вэст, Рой Хибберт
Эхний аварга цолоо хүртдэг улирлын дундуур С.Көрри лигийн түүхэнд хамгийн цөөн тоглолтод (369) 1000 удаа холын зайн шидэлт оруулсан тамирчин болсон. Тэрбээр Д.Грийний дамжуулалтаар эхний үеийн дундуур түүхэн шидэлтээ оновчтой болгосон юм.
“Уорриорз”-той хожмоо финалд таарсан “Кливлэнд” баг мөн энэ өдөр тоглосон. Тухайн үед К.Ирвинг 38 оноо авсан ч баг нь “Хьюстон”-д 105:93-ын харьцаатай хожигдож байв. Мөн Лоб-сити хэмээгдэх “Клипперс” өрсөлдөгч “Лейкерс”-ийг бут ниргэхэд Б.Гриффин 27 оноо авч онцгойрсон.
2000 дахь шидэлт, 2017 оны арванхоёрдугаар сарын 4
“Уорриорз”-ын гараа: Стефен Көрри, Клэй Томпсон, Кевин Дюрант, Дрэймонд Грийн, Жавал Макги
“Пеликанс”-ын гараа: Ражон Рондо, Жрю Холидэй, Итуан Мүүр, Данте Каннинхем, Демаркус Казинс
Хоёр улирал дараалж багадаа 300 холын зайн шидэлтээ оруулсны ачаар С.Көрри гурав хүрэхгүй улирлын дотор 2000 дахь шидэлтээ оновчтой болгов. Энэ удаад түүнд А.Игуодала дамжуулалт өгчээ. Ийнхүү тэрбээр 597 тоглолтод холын зайн шидэлтээ оруулж, ийм амжилтад хамгийн цөөн (824) тоглоод хүрсэн Р.Аллений рекордыг шинэчилжээ.
Тухайн сард “Marvel”-ийн “Thor: Ragnarok” кино нээлтээ хийсэн бол өмнөх сард нь “Apple” компани “iPhoneX”-аа худалдаанд гарган шуугиан дэгдээж байлаа.
3000 дахь шидэлт, 2021 оны арванхоёрдугаар сарын 4
“Уорриорз”-ын гараа: Стефен Көрри, Гэри Пэйтон II, Эндрю Виггинс, Хуан Тоскано-Андерсон, Кевон Лүүни
“Наггетс”-ийн гараа: Факундо Кампаццо, Вилл Бартон, Остин Риверс, Жефф Грийн, Никола Йокич
Р.Алленийг гүйцэж түрүүлэн лигийн гурван онооны манлайлагчаар тодорсноос 14 хоногийн дараа С.Көрри 3000 холын зайн шидэлтээ оруулсан анхны тоглогч болов. Тэрбээр гуравдугаар үед Н.Бьелицагийн дамжуулалтаар түүхт шидэлтээ оруулсан аж. Сонирхуулахад, С.Көрри “Chase сenter”-т анх удаа гурван онооны нэгэн дээд амжилтаа тогтоосон нь энэ юм. Тэрбээр 1000 дахь шидэлтээ “Oracle аrena”-д оруулж байлаа.
Тэрхүү өвөл “Spider Man: No way home” кино асар их ашиг орлого олж байсан. Тодруулбал, нийт 1.9 тэрбум ам.долларын орлогоор түүхэнд наймд бичигдэж эхэлсэн юм.
Н.Энх