Азийн хөгжлийн банкны дэргэдэх Ядуурлыг бууруулах Япон сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон автомашиныг Эрүүл мэндийн яамныхан хүлээн авчээ. Баруун бүсийн иргэд урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад нүүдлийн эмнэлэг шаардлагатай талаар тус яаманд санал, хүсэлт ирүүлсэн байж. Үүний дагуу эхний ээлжинд Говь-Алтай аймагт нүүдлийн эмнэлгийг хүлээлгэн өгч, орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Ингэхдээ эрт илрүүлгийг хэдий хугацаанд явуулах, засвар үйлчилгээг нь хэн хариуцах зэрэг зүйлсийг тодорхой болгосны дараа хүлээлгэн өгөх гэнэ. Тэрбээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэт “шүтэхээс” илүү урьдчилан сэргийлэх, өвчний шалтгаан нөхцөлийг арилгах, алслагдсан сумын иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг тэгш хүртээмжтэй болгох, аль болох амьдарч буй газарт нь хүрч ажиллахад нүүдлийн эмнэлэг чухал ач холбогдолтой” гэв. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шаннон Ковлин “Лабораторийн болон оношилгооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон энэхүү эмнэлэг нь алслагдсан малчин өрхөд нэн тохиромжтой. Монгол Улсад өвчнийг тандах, эрт илрүүлэх боломжийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэсэн юм.
Ч.Туяа